Дуучин Болд бол Монголын том од. Яах аргагүй л энэ цаг үеийн од гэвэл түүнийг нэрлэнэ. Сайхан дуулдаг залуучууд олон байгаа ч Болдын дэргэд тэд хэзээ ч од биш, цаашдаа ч од болох нь эргэлзээтэй. Монгол поп хэмээх урсгалыг дуучин Болд үүсгэн санаачиллаа. Фэнүүд нь их сайхан хүлээж авч байна, даган дуулж байна. Орчин үеийн поп хэмнэлийг Монгол маягийн этник стилийн хөгжмийн өнгө аястай чадварлаг хослуулснаараа энэ урсгал гарцаагүй гараанаас гарчээ гэж хөгжим талаас нь дүгнэж болохоор байна.
Болд дуучин өөрийнхөө санаачилсан Монгол Поп урсгалын брэнд логог Морин хуураар сонгосон нь өнгөцхөн харахад ая дан нь аятайхан таарсан мэт санагдана. Гэвч ахмадууд түүнээс гомдол нэхэж байна. Учир нь хэвлэлийн бага хурал дээрээ ч, цомгийнхоо зурагт хуудсан дээр ч дуучин Болд Төрийн их хойморт утга төгөлдөр залардаг Морин хуур хөгжмийг маань газар хаяжээ. Монголчууд эрт дээр цагаас чавхдаст морин хуур хөгжмөө газар тавих нь битгий хэл Хоймор юундаа Ханын толгойноос өлгөж дээш залдаг уламжлалтай ард түмэн. Тоглохдоо ч өвөр дээрээ тавьдаг сайхан заншилтай улс. Хэвлэлийн бага хурал дээрх зургийг нь та харж байна. Хуур хөгжмийг ширээнийхээ урд шалан дээр хаячихаж. Зүй нь бол хуур хөгжмөө үнэн сэтгэлээсээ дээдэлдэг, ёс заншлаа мэддэг Монгол хүн байсан бол өөрийнхөө ард өлгөх байлаа. Ингэвэл Болдод Пи Ар талаасаа ч аятайхан харагдана. Гэтэл цомгийнхоо зурган дээр бүр ч долоон доор зүйл хийж. Морин хуур хөгжмөөр маань салтаан тушаа газар тулж зогссон байх чинь.
Эндээс дуучин Болд стил имиж л хөөцөлдсөнөөс биш хуур хөгжмөө дээдэлж, Монгол аялгууг орчин үеийн поп хөгжмийн урсгалтай сүлье гэсэн чин хүсэл байхгүй мэт харагдаж байна. Хуурын чих мушгиж байгаа нь ч хөг оруулах гэхээсээ илүүтэй гарынхаа булчинг л фэн охиддоо гайхуулах гэсэн нь уншигдаад байна. Энэ шүүмжлэлээр Болдын хийсэн бүхнийг, тэр дундаа Монгол Поп урсгалыг үгүйсгэх гэсэнгүй. Харин манай залуучууд аливаад хандахдаа ахас ихсээ дээдэлж, ёс заншлаа дагаж байгаачээ гэдгийг сануулах гэсэн хэрэг. Болдыг олон залуус даган дуулж, Монгол поп урсгалд дурлаж байгаа шигээ морин хуур хөгжмөөр газар тулан зогсоод байвал эцэг өвгөдөөс уламжилж ирсэн энэ их өв соёлын үнэ цэнэ юунд орших вэ?
Ө.Мэргэндүү
Сэтгэгдэл ( 0 )