Жоржио Армани: Хүн мөнх биш нь сайхан юм даа

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 31
    Жоржио Армани гэдэг нэрийг дэлхийн өнцөг булан бүрээс харж болно. Энэхүү брэнд нэрийн эзэн 1934 онд Италийн Пьяченца хэмээх тосгонд төржээ. Тэрбээр 1975 онд “Армани” брэндийг үндэслэж, 2001 оны хамгийн өндөр орлоготой загвар зохион бүтээгчээр шалгаран 1.6 тэрбум ам.долларын ашиг олж байв. “Армани” брэнд нь арьсан эдлэл, гутал, бугуйн цаг, гоёл чимэглэл, нүдний шил, гоо сайхны бүтээгдэхүүн болон дотоод засал чимэглэлийн бүтээгдэхүүн гаргадаг. Түүнчлэн “Жоржио Армани”, “Армани Коллециони”, “Эмпорио Армани”, “Армани жийнс”, “Армани эксченж”, “Армани жуниор”, “Армани каса” зэрэг дэд брэндээс бүрддэг. Дэлхийн хувцас загварын шилдэг брэндийн эзэн Жоржио Армани АНУ-ын “Fashion day” сэтгүүлд ярилцлага өгснийг бүрэн эхээр нь хүргэе.
-Анх загварын ертөнцөд хөл тавьж байснаа эргэн дурсвал сонин байх болов уу? 
-Энэ бол үнэхээр санаандгүй тохиолдол байсан. Би цэргийн алба хааж байхдаа 20 хоногийн чөлөөгөөр Милан хотод очсон юм. Найз маань надад 14 хоног их дэлгүүрийн гэрэл зурагчнаар ажиллах санал тавьсан юм. Би ч тэр даруйд нь зөвшөөрч, гэрэл зурагчны туслах болсон. Гэрэл зургийн арын дэвсгэрийн загварыг хийх болсон юм. Удалгүй намайг загварын ертөнцөд хүч сорих санал ирсэн. Нэгэнт олдсон боломжоо ямар ч хүн алдахгүйг хүснэ. Загвар зохион бүтээх нь багийн ажил юм. Тэр цагаас хойш дизайнер гэдэг бол миний амьдралын салшгүй нэг хэсэг гэдгийг ойлгосон. 
-Дэлхийн загварын чиг хандлагын хувцас загвар болон биеийн харилцан уялдааг өөрчилсөн хүн нь Та. Ер нь хувцас загвар хүний бие галбирыг өөрчилж чадах уу? 
-Намайг хүмүүсийн гадаад байдлыг өөрчилснийг загварынхан бүгд л ярьдаг. 1970-аад оны үед бүсгүйчүүд махлаг гуя, өргөн шилбэтэй байсныг миний бүтээгдэхүүн өөрчилж, одоогийн тэгшхэн, нарийн хөлтнүүдийг төрүүлсэн гэж би бардам хэлнэ. 
-Таныг ирээдүйн талаархи асуултад дургүйг мэднэ. Гэхдээ ноён Армани ирээдүйд юу хийж төлөвлөх гэж байгааг уншигчид маань сонирхож байгаа байх? 
-Амьдралынхаа 15 жилийн турш ийм асуултаас зугтаж явна. Ирээдүйнхээ талаар ярих нь ичгэвтэр зүйл гэж боддог учраас тэр шүү дээ. Учир нь би ингэнэ, тэгнэ гэж ярьчихаад дараа нь хийхгүй орхичих вий гэхээс айдаг. Тиймээс өмнө нь хийсэн, бүтээснээ ярьж, бахархах шиг сайхан зүйл байхгүй. Ерөнхийдөө өөрийн бизнесээ улам баталгаажуулж, шинэлэг бүхнээр үйлчлүүлэгчдээ хангахыг хичээх болно. 
-Тань шиг ийм нөлөөтэй, чадалтай хүн шийдвэр гаргахаас айдаг гэж үү? 
-Хүн бүрийн хувьд шийдвэр гаргана гэдэг толгой өвтгөсөн асуудал. Загварын ертөнц бол багаар ажилладаг гэж би дээр хэлсэн. Тэгэхээр миний гаргаж байгаа шийдвэр зөвхөн надад хамааралтай бус нэг хэсэг хүнд хамааралтай. Нэгдүгээрт, би бол бурхан биш хүн гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт, өндөг шиг өөгүй хүн байдаггүй шүү дээ. Олон жил өөрийн байгууллагаа удирдаж, шийдвэр гаргах тал дээр туршлагажсан ч өнөөдрийг хүртэл яаралтай эсвэл тулгамдсан асуудал шийдвэрлэхдээ тааруу гэж өөрийгөө дүгнэдэг. 
-Энэ сул талыг чинь нөхөж буй зүйл Таныг өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн байх? 
-Нас нэлээд явлаа. Хүн алхам бүртээ өөрийгөө хөгжүүлж,тэндээсээ туршлага олж авдаг юм байна. Амьдралаас олж авсан туршлага, миний хамт олон намайг өдий зэрэгт хүргэсэн. Дан ганц би биш миний ард хэдэн зуун хүний баг ажилладаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. “Жоржио Армани” өмссөн хүн зөвхөн намайг бүтээчихлээ л гэж бодож явдаг. Ер нь би үхэшгүй мөнх байсан бол бүх алдаагаа засъя гэж оролдох байлаа. Даанч хүн мөнх биш нь сайхан юм даа. 
-Уучлаарай Танд эвгүй санагдаж магадгүй. “Армани” брэндийн өв залгамжлагчийг хайж байгаа юу? 
-/Хэсэг бодолхийлэв/ Яг үнэнийг хэлэхэд надад тийм зав гардаггүй. Тэ гээд ч би өв залгамжлагчаа олъё гэж явдаг гүй. Учир нь миний орон зайг нөхөх, миний албан тушаалд очих хүнийг хайх хэрэггүй гэж боддог. 
-Загвар зохион бүтээгч хүмүүс гадаад байдалдаа хэт их анхаарал тавих болсон хандлага Танд ажиглагдаж байна уу? 
-Бид хэзээ ч гадаад байдалдаа хангалт тай анхаарал тавьж чаддаггүй. Загасч ны морь усгүй гэдэг үг байдаг даа. Бид хүмүүсийг сайхан харагдуулахын тулд нойр хоолгүй зүтгэж байж өөрсдөө хүмүүст сайхан харагдаж чаддаггүй шүү дээ /инээв/. 
-АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамагийн хувцас загварын хувийн зөвлөх нь Та. Түүний гоёл зарим хүнд таалагддаггүй? 
-Мишель хэзээ ч хэтрүүлж гоёдоггүй. Энэ байдал нь хүмүүст таалагддаггүй байж мэднэ. Тэрбээр хувь хүний хувьд хүчирхэг зан араншинтай. Тиймээс түүний дотоод сэтгэлийг нуух шаардлага гардаг. Түүнтэй хамтарч ажиллахад үнэхээр урамтай байдаг юм. 
-Орчин үеийн загварын ертөнцийн гол дутагдал гэвэл Та юу хэлэх вэ? 
-Миний бодлоор загвар зохион бүтээгчид хийж буй даашинз болон костюмаа заавал 183 см өндөртэй стандарт биетэй хүмүүст зориулан хийх шаардлагагүй. Бид хувцсаа үргэлж бодит амьдралд тулгуурлан, бодит хүмүүст зориулж гаргахаа мартаж байгаа нь гол дутагдал нь юм. 
-“Долче энд Габбана” Таны санаанаас авч шинэ загвар гаргасан гэж шуугиж байна? 
-Манай нэг ажилтан “Долче энд Габбана”-гийн өмд өмсөж ирээд надад харуулсан. Тэгэхэд би “Үүнийг хар даа. Бидний өрсөлдөгч надаас хуулсан байна” гэж хошигносон юм. Түүнээс айхтар ноцтой асуудал болоогүй. Загварынхан бие биеэсээ санаа авах зүйл бол байх л асуудал. Тэр болгонд эмзэглээд, хөөцөлд өөд байх нь утгагүй хэрэг. 
-“Армани” брэндийг нэг өгүүлбэрээр тодорхойлбол? 
-Чамин дэгжин, тансаг, орчин үеийн, хялбар, олон улсын гэж л тодорхойлох байна. 
-Таныг усан завь чимэглэх дуртайг бүгд мэднэ. Энэ Таны хобби юу? 
-Нэг талаар хобби, нөгөө талаар мэргэжлийн өвчин. Би завиар зугаалах дуртай. Харин өөрийн чимэглэж, загварыг нь хийсэн завиар зугаална гэдэг үнэхээр гайхалтай мэдрэмж төрүүлдгийг хүн бүхэн мэддэггүй нь харамсалтай. 
-Шинэ залуу дизайнеруудад хандаж юу хэлэх вэ? 
-Та бүхэн олонд танигдсан зохион бү тээгч болохыг хүсч, мөрөөддөг бол өөрийн гэсэн өнгө, шинж бүхий стиль бүтээхийн төлөө хөдөлмөрлө. Одоо үед сайн хөдөлмөрлөж байж л амжилтад хүрнэ. Хэн нэгний хийсэн зүйлийг давтаж хийгээд хэзээ ч амжилтад хүрэхгүй. Өөрийнхөө оюун бодлыг дагаж түүнийгээ хүсэл мөрөөдөлтэйгөө эвцэлдүүлэх юм бол амжилт ойрхон байна. 
Р.Оюунгоо
www.UNEN.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top