Урлагийн шинэ оддыг төрүүлэн гаргах зорилготой Britain’s Got Talent-2012 шоуд оролцсон 17 настай британи залуу Жонатан Антуан шууд л энэ тэмцээнд ялалт байгуулах магадлалтай хүмүүсийн тоонд багтаж, үзэгчид болон шүүгчдийг алмайруулж орхижээ. Тэрбээр 2009 онд энэ шоуд оролцсоноор дэлхийн хэмжээний од болсон Шотландын дуучин Сьюзан Бойлын хувь заяаг давтсан аж. Британийн хэвлэлүүд энэ залууг SuBoy буюу Сьюзаны хүү гэж нэрлэсэн бөгөөд түүний тоглолтыг тавхан хоногийн дотор YouTube-ээр 4 сая гаруй хүн үзэж сонирхжээ. Урт үст Жонатанд өөр нэг нэр өгсөн нь Том Жон юм. Залуу 130 килограмм жинтэй аж. Дэндүү таргалсандаа гутарсан тэрбээр сэтгэл мэдрэлийн хямралд орж, өнгөрсөн оны аравдугаар сард тайвшрал олохын тулд эмнэлэгт хэвтэж сэтгэл зүйчдийн хяналтад эмчлэгдсэн байна.
Тэрбээр тайзан дээр өөрийн найз Шарлотт Жаконеллигийн хамтаар гарч ирээд “Мөргөл” дууг дуулжээ. Энэ дууг нэрт дуучин Селин Дион, дуурийн дуучин Андреа Бочелли нар амилуулсан билээ. Тэдний тоглолтыг үзсэн үзэгчид суудлаасаа босч удтал алга ташсан байна. Тэмцээний шүүгчид ч сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй уулга алджээ. Тэд Жонатанг гайхалтай хоолойтой нэгэн гээд тун удахгүй дэлхийн хэмжээний од болно гэдгийг өгүүлсэн аж.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )