Бидний дараагийн бахархалт хөвгүүдийн нэг бол МУ-ын гавьяат жүжигчин, дэлхийн шилдэг найман бүжгэн жүжигчний нэг Дугараагийн Алтанхуяг билээ. Тэрбээр Монголын сонгодог урлаг, тэр дундаа бүжгэн жүжигчдийн нэрийн хуудас болж яваа залуу. Анх гурван найзтайгаа хамтарч модерн бүжгийн хамтлаг байгуулан, улмаар Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин болсноор дэлхийн олон орны сонгодог урлагийн тайзан дээр өөрийн дүрийг бүтээх эхлэл тавигдсан. Дэлхийн орчин үеийн балетийн урлагийн загалмайлсан эцэг Роланд Пути түүнд сонгодог урлагийн төв болох Итали улсын Милан хотын алдарт “Ла Скала” театрын тайзан дээр “Pink Floud” рок балетийн гол дүрийг бүтээх урилга өгсөн нь дэлхий нийтийн, тэр дундаа сонгодог урлаг илт хөгжсөн олон орнуудын анхаарлыг татаж байсан. Гэхдээ л Монгол эр хүн юу хийж, бас бүтээж чаддаг вэ гэдгийг тэр дэлхий нийтэд харуулж чадсан билээ. Тиймдээ ч Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотын сонгодог урлагийн төв театр “Бостон балет”-д гол дүр бүтээхээр болсон биз. Тэрбээр дэлхийн нэр хүндтэй олон ч театрын тайзан дээр урилгаар тоглосоор ирсэн бөгөөд түүний Японд тоглосон нэгэн бүжгэн жүжиг хамгийн их үзэгчтэй, хамгийн үнэтэй тоглолтоор шалгарсан байдаг. Түүний аав МУ-ын гавьяат жүжигчин Дугараа Монголын үндэсний бүжиг, тэр дундаа биелгээний гайхамшгаараа овоглосон хүн байсныг манай зарим уншигчид андахгүй байх. Тийм болохоор Д.Алтанхуяг дэлхийн балетийн урлагт Монгол ардын, тэр дундаа Ойрадын биелгээний уран нарийн хөдөлгөөн, ер бусын сэтгэл хөдлөлийн илэрхийлэл болсон бүжгийн дүрслэлийг шигтгэж өгсөн түүхэн гавьяатай. Иймдээ ч Монгол залуу Монгол бүжгийн гайхамшгийг сонгодог урлагтай хослуулан дэлхийн тайзан дээр бүжиглэж яваа биз ээ.
“Тэргүүн” сониноос. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )