Ерөнхийлөгч Киргиз Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 03


 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатараас мордлоо.

2012 оны 4 дүгээр сарын 3-6-нд үргэлжлэх айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНКУ-ын Ерөнхийлөгчтэй уулзаж, хэлэлцээ хийж, Киргиз Улсын Жогорку Кенеш /парламент/ -ийн дарга А.Жээнбеков, Ерөнхий сайд О.Бабанов нар манай улсын Ерөнхийлөгчид бараалхана.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Киргиз Улсын Жогороку Кенеш /парламент/-ийн хүндэтгэлийн хуралдаанд үг хэлж, нэрт философич Ж.Баласагыны нэрэмжит Киргизийн үндэсний их сургуулийн оюутнуудтай уулзах  юм. Мөн айлчлалын хүрээнд Бишкек хотноо Монгол, Киргизийн бизнес уулзалт болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал энэ оны 4 дүгээр сард тохиож буй Монгол, Киргизийн хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм.     

Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Э.Мөнх-Очир, Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудлын зөвлөх Р.Болд, Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Ерөнхийлөгчийн амьдрах орчин, байгаль орчны бодлогын зөвлөх Э.Зоригт, Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, албаны бусад хүн дагалдан явлаа.  Мөн бизнес хэсэг хамт явав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top