Стивен Спилберг: Чингисийн тухай өнөөдрийг хүртэл мэдэхгүй явсандаа өөрийгөө зэмлэсэн

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 06

Холливудын алдарт найруулагч Стивен Спилбергтэй Америкийн кино ертөнцийн томоохон сэтгүүл “Film” товч ярилцлага хийсэн байна.

Тэрбээр Чингис хааны тухай кино хийхээр болсноо эл ярилцлагад дурджээ. Түүнтэй хийсэн товч ярилцлагыг уншигч Танаа өргөн барья.

 

-Сайн байна уу Стив. Дэлхийн кино ертөнцийн амьд домогтой ярилцаж суугаадаа баяртай байна.

-Баярлалаа.

-Энэ олон бүтээл хийх эрч хүч Таны хаанаас гараад байна вэ?

 -Сэтгэл зүрхнээс. Миний хувьд ямар нэгэн уран бүтээлийг хэзээ ч халтуурдаж байгаагүй. Хүн нэг удаа л халтуурдах юм бол насан туршдаа тэгнэ гэсэн үг. Тийм болохоор халтуурдах гэдэг үг миний үгийн санд байдаггүй.

-Үгийн санд байдаггүй үгээ Та сая хэрэглэчихлээ?

-Залуу уран бүтээлчдэд зориулж хэрэглэсэн юм /инээв/. Өнөөдрөөр авч үзвэл холливудад шинээр төрөн гарч буй залуу найруулагч олон байна. Зарим нь амьдралыг дэндүү өнгөц харж уран бүтээлээ хийж байгаа нь надад таалагддаггүй.

-Үүгээрээ Та залуу найруулагчид сэтгэл зүрхгүй гэж хэлэх гээд байна уу?

-Хүний хамгийн хүчтэй зэвсэг бол сэтгэл зүрх юм. Учир нь хүн сэтгэл зүрхээрээ дурлаж, хайрладаг. Энэ их хайраас хүн үүсдэг гэж би боддог. Уран бүтээл ч гэсэн үүнтэй яг адил. Би сэтгэл зүрхнээсээ хийж буй зүйлдээ дурлаж, хайрлаж байж сайн уран бүтээл төрнө. Түүнээс биш хөдлөх сэтгэлгүй, цохилох зүрхгүй байж уран бүтээл хийнэ гэвэл худлаа.

-Таны нэг ярилцлагыг уншиж байсан минь санагдчихлаа. “Сэтгэл хэзээ ч хувирдаггүй, харин мөнгө маргааш байх үгүйг хэн ч мэдэхгүй” гэж Та хэлсэн байсан?

-Худлаа гэж үү. Таны халаасанд мянган ам.доллар байя гэж бодъё. Тэр мөнгийг Та нэг өдөр л хэрэглэнэ, мөн үү. Харин Таны дотор байгаа сэтгэлийг Та насан туршдаа хэрэглэнэ. Тэгэхээр хүний сэтгэл хэзээ ч хувирдаггүй бас элэгддэггүй байхгүй юу.

-Тэгвэл “Үндэсний банк” яагаад одоо болтол ажиллаад байгаа юм бэ?

-“Үндэсний банк” маргааш эсвэл нөгөөдөр ажиллах үгүйг Та бидний хэн нь ч хэлж мэдэхгүй. Харин тэр дотор ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэл зүрх бол байж л байна.

 -Шинэ уран бүтээлийн тухай ярья. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Яг бариад авчихсан уран бүтээл алга. Гэхдээ бодож, боловсруулж байгаа бүтээл бий.

-Үүнийгээ жаахан дэлгэрүүлэхгүй юу?

-Түүхэн бүтээлийн санаа юм. Энэ санааг би ч бодож олоогүй. Хятадын нэрт эрдэмтэн Шин Уэн Хай надад санал болгосон. XIII зууны үеийн түүх. Тэр дундаа Чингис хааны тухай кино.

-Яагаад заавал Чингис хааны тухай гэж. Өөр олон түүхэн хүмүүс бий шүү дээ?

-Шин Уэн Хай надад Чингис хааны тухай ярьсан нь миний сонирхлыг өөрийн эрхгүй татсан. Өмнө нь тэр аугаа хүний тухай бараг мэддэггүй байж. Тэгээд Чингис хааны удирдаж асан эзэнт гүрний тухай олж уншаад үнэхээр гайхсан. Ийм аугаа удирдагчийн тухай өнөөдрийг хүртэл мэдэхгүй явсандаа өөрийгөө зэмлэсэн.

-Оросын Сергей Бодровын “Монгол” кинонд бас Чингисийн тухай гардаг. Тэр киног үзсэн биз дээ?

-Үзэхээр барах уу. Гэхдээ шууд хэлэхэд надад таалагдаагүй.

-Яагаад тэр билээ?

-Зохиол нь ч тэр, найруулагчийн ажил нь ч тэр миний сэтгэлд хүрээгүй. Би хувь хүнийхээ хувьд Сергейг хүндэлдэг. Тэр хүн миний нэгэн адил уран бүтээлийг халтуурдая гэж боддоггүй. Гэхдээ “Монгол” кино яагаад тийм муу болсны учрыг ухаад ч ойлгож чадаагүй.

-Тэгвэл Таны Чингис хааны тухай кино хийх гэж байгааг Сергейтэй барьцаж байна гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болохгүй. Би хэзээ ч хэн нэгэн уран бүтээлчтэй барьцаж кино хийж байгаагүй. Зарим хүмүүс “Атаархал намайг хурцалдаг” гэж ярьдаг юм билээ. Үүнийг би буруу гэж боддог. Хүний хийсэн уран бүтээлд атаархах бус миний хийсэн уран бүтээлийг үзээд хүмүүс баяр хүргэж байвал би хурцлагдаж явдаг. Энэ үүднээс харвал би Сергейтэй барьцаагүй. Харин түүний хийсэн алдааг залруулахыг хичээнэ.

-Эл бүтээл хэзээ үзэгчдийн хүртээл болох бол?

-Дөнгөж эхэлж байгаа болохоор их хугацаа орох байх. Яг төдийд гэж хэлж чадахгүй. Гэхдээ шуурхай хийхийг бодно. Ер нь миний сэтгэлд кино маань бүтчихсэн л яваа.

-Чингис хааны тухай нэг сэтгүүлээс уншиж байсан юм байна. Хүн төрөлхтний дарангуйлагч гэж бичсэн байсан?

-Энэ тухай би олж уншаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Түүний зарим үйлдэл тийм байсныг үгүйсгэх аргагүй. Миний олж уншсанаар дарангуйлагч гэхээсээ илүү удирдагч хүн байсан юм билээ. Түүн шиг удирдагч мянган жилд нэг удаа л төрөх байх гэж бодсон шүү.

-Өөрөө кино найруулагч, продюссер, жүжигчин хүн. Энэ бүгдийн аль нь хэцүү санагддаг вэ?

-Бүгд л хэцүү санагддаг. Гэхдээ энэ гурваас хэцүү санагддаг нэг зүйл бий.

-Юу юм бол?

-Аав байх шиг хэцүү зүйл байхгүй /инээв/. Хүүхдийг аавын ухаанаар хүмүүжүүлнэ гэдэг бурхан бидэнд өгсөн хамгийн хэцүү даалгавар. Миний бүтээсэн бүтээлүүд дунд хамгийн цаг зардаг дүр нь аавын дүр байдгийг үзэгчид тэр бүр мэддэггүй.

-Нэг кино нээлтээ хийлээ гэж бодоход найруулагч, зохиолч, зураглаач гурав алдаршаад байх шиг санагддаг. Харин Та киноныхоо нээлт дээр арын албаныхныгаа заавал урьдаг?

-Нэг бүтээлийн ард хэдэн зуун хүн ажилладаг. Өөрийн чинь ярьж байгаатай би санал нэг байна. Тийм ч болохоор киноныхоо нээлт дээр болж өгвөл арын албаны хүмүүсээ алдаршуулъя гэж боддог юм. Зарим нэг найруулагч ганцаараа л киногоо хийчихсэн юм шиг ярьдаг. Зургаа өөрөө аваад, өөрөө гол дүрд нь тоглочихсон юм шиг ярьдаг нь надад таалагддаггүй. Киноны арын алба гэдэг бол уран бүтээлийн 80 хувийг авч явдаг хүмүүс юм.

-Уламжлалт асуулт уруугаа оръё. Амьдралыг Та юутай зүйрлэдэг вэ?

-Өнгөт гэрэл зурагтай зүйрлэдэг. Учир нь миний өнгөрсөн амьдрал гэрэл зураг мэт дурсамж болж үлддэг юм.

-Ирээдүй рүү аялах боломж олдвол хэдэн онд очих вэ?

-Ирээдүй рүү аялуулж байгаа хүнээс “Өнгөрсөн үе рүү минь аялуулж өгөөч” гэж гуйх болно. Өөрийн алдсан алдаагаа засч залруулах болно.

-Яагаад?

-Бурхан болчихоод диваажинд очихын тулд шүү дээ /инээв/. Ирээдүй рүү аялаад болох үйл явдлыг урьдчилаад мэдчихвэл амьдрал утгагүй болчихно.

 -Гэхдээ Таны кинонд ирээдүйг зөгнөсөн кино байдаг шүү дээ?

-Тийм болохоор л би өнгөрсөн цаг үе рүү аялах гээд байгаа юм /инээв/.


Р.Оюунгоо
Эх сурвалж: "Unen.mn"

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top