Францын ерөнхийлөгчийн сонгууль дэлхийн хэмжээний сонирхолтой сэдвүүдийн нэг болсоор байна. Тавдугаар сарын 6-нд төгсгөлийн шатны сонгууль болох ба социалист Франсуа Олланд, одоогийн төрийн тэргүүн Николя Саркози нарын хэн нь ерөнхийлөгчөөр тодрох нь шийдэгдэх юм. Одоогийн байдлаар тэд эхний шатанд барууны “Үндэсний фронт”-ын төлөө буюу Марин Ле Пенд саналаа өгсөн сонгогчдыг татахаар тэмцэл өрнүүлж эхлээд байна.
“Үндэсний фронт”-ын төлөө саналаа өгөгсдийг бид хүндэтгэх ёстой. Энэ бол тэдний сонголт, тэд өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн хэрэг. Тэднийг буруутгаж болохгүй, тэгээд ч сонгууль маань хямралын үед явагдаж байгаа. Та нарыг сонслоо гэдгээ би эдгээр хүмүүст хэлэх болно” гэж ерөнхийлөгч Саркози мэдэгдсэн бол түүний өрсөлдөгч Олланд: “Би хэт барууныхны дунд таалагдах гэж учиргүй их хичээхгүй байгаа. Одоогийн байдлаар тэднийг олон хүн дэмжиж байгаа нь Николя Саркозийн буруугаас шалтгаалж байгаа юм. Зарим нэг нь Саркозид дургүйдээ болоод хэт барууныхны төлөө саналаа өгсөн бөгөөд би эдгээр хүмүүст найдаж байна” гэж тэрээр хэлсэн байна. Францын сонгуулийн үйл ажиллагааг Европ даяараа анхааралтай ажигласаар байна. Берлинд хүртэл нөхцөл байдал өөрчлөгдөж буй нь мэдрэгдэж эхэллээ. Тэд өмнө нь Саркозийг дэмжихээ амлаж байсан бол одоо хатагтай Меркелийн бие төлөөлөгчид өөрийн канцлерийг хэнтэй нь ч хамтран ажиллахад бэлэн байгаа талаар эелдгээр мэдэгдсэн байна. Францын сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалт мөн урьдын адил бага хувийн зөрүүгээр шийдэгдэх ба энэ нь зөвхөн Францын төдийгүй бүхэл бүтэн Европын ирээдүйд нөлөөлөх чухал ач холбогдолтой хэмээн зарим шинжээчид үзэж байна. /Энэ сэдэвтэй холбоотой мэдээллийг бид цаг тухай бүрд нь шуурхай хүргэж байх болно/
Эх сурвалж: www.vesti.ru
Орчуулагч Д.Мягмарсүрэн Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )