Франсуа Олланд “оноо цуглуулж” эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 25

     Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Франсуа Олланд санал хураалтын хоёрдугаар шатны өмнөх өдрүүдэд боломж бүрийг ашиглан оноо цуглуулж байна. “Пари Матч” хэмээх нэр хүндтэй сэтгүүлийн үзэж буйгаар сонгогчдын 55 хувь нь түүнд талтай байгаа нь одоогийн төрийн тэргүүн Николя Саркозигоос бараг 10 хувиар илүү үзүүлэлттэй байгаа юм. Өнгөрөх Ням гаригт өндөрлөсөн эхний шатны сонгуулиас хойш Франсуа Олланд өөртөө улам бүр итгэлтэй боллоо гэж шинжээчид үзэж байна. Тэрээр сэтгүүлчдэд сурвалжлага өгөх үедээ  хэрэв Францын ерөнхийлөгчөөр сонгогдох юм бол юуны түрүүнд Германд айлчилж, канцлер хатагтай Ангела Меркельтэй Европын эдийн засгийн шинэчлэлийн талаар зөвлөлдөх болно гэж амласан байна.

    “Фигаро” сонинд бичснээр Николя Саркозийн сонгуулийн штаб цаашдын тэмцлийн стратегиа боловсруулан, Саркозийн хувьд Марин Ле Пений удирддаг хэт барууны “Үндэсний фронт”-ын дэмжигчдийн саналыг авч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа боловч  социалист Олландын хувьд ч бас тэдний саналаас зулгаачих боломж байгаа, учир нь Марин Ле Пений сонгогчдын дотор хорин тав хүртэлх насны эрхэлсэн ажилгүй залуучууд олноор байгаа ба ажилгүйдэлтэй тэмцэх явдал Франсуа Олландын мөрийн хөтөлбөрийн хамгийн гол зорилго юм байна.

Эх сурвалж: www.vesti.ru

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top