Сансрын хөлөг онгоц хөлөглөн Нью-Йорк хот дээгүүр тойрлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 29


Сансарт олон дахин ашиглах зориулалттайгаар бүтээгдсэн “Энтэрпрайз” (Shuttle Enterprise) хөлөг аварга том “Боинг 747” онгоц хөлөглөн Нью-Йорк хотын дээгүүр хүнгэнүүлэн нислээ.

Байшингийн дээвэр, усны эрэг, завин дээрээс үүнийг үзэхээр хуран цугласан хүмүүсийг харж байхад онгоц унасан хөлөг Эрх чөлөөний хөшөө болон Манхэттэний баруун эрэгт орших Далай, Агаар болон Сансрын хөлгүүдийн задгай Интрепид музейн дээгүүр эргэлдэж олны гайхшралыг төрүүлсээр цааш одож Кэннидийн нэрэмжит нисэх онгоцны буудалд газардлаа.

Сансрын хөлгийг хэд хоногийн дараа онгоцноос нь буулгаад зургадугаар сарын эхээр Интрепид музейд хүргэж,  долдугаар сарын дундуур олон нийтэд үзүүлж эхлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Америкийн Засгийн газар өнгөрсөн онд олон дахин хөөрдөг сансрын хөлөг нисгэх үйл ажиллагаагаа зогсоосноос хойш сансрын “Энтерпрайз” хөлөг Вашингтон хот дахь Смифсониян музейд байрлаж байгаад сая Нью Йоркт ирж байгаа нь энэ ажээ.

“Энтэрпрайз”-ыг  1974-1977 оны хооронд бүтээж, 1977 оны хоёрдугаар сард анх туршин нисгэсэн боловч тэрээр хэзээ ч атмосферийн давхаргыг давж задгай сансарт аялж байсангүй.  Харин газар дээрх туршилтын хөлөг болсон түүхтэй. “Энтэрпрайз”-ыг ашиглаж хийсэн туршилтууд нь сансарт хийсэн маш олон туршилтыг амжилттай явуулахад бэлтгэж өгчээ.

Сансрын хөлгийг олон дахин ашиглах програм  хаагдсаны дагуу бусад хөлгүүд ч музейн үзмэр болоод байна. Тухайлбал, “Дисковери” (Discovery) хөлөг Вашингтон хотын Смифсониян музейд , “Эндивор” (Endeavor) болохоор Калифорни мужийн Лос Анжелос хотын музейд байгаа бол харин “Атлантис” (Atlantis) хөлгийг Флорида муж дахь Кэннидийн нэрэмжит сансрын нислэгийн төвд үлдээжээ.

-“Энтерпрайз” хөлөг нь АНУ-ын зүүн хойд хэсэгт бүхэлд нь ач холбогдолтой, маш чухал эд өлгийн зүйл болох бөгөөд тус музейн үзэгчдийн тоо 30 хувиар өсөх буюу жилийн туршид үзэх нийт үзэгчийн тоо 1.3 саяд хүрнэ гэж Интрэпид музейн ерөнхийлөгч Сюзан Маренофф Зауснер тэмдэглэн хэллээ.

“Яахуу ньюс”

Л.Энх 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top