Улстөрийн тэрс үзэлтэн хуульч Чэн Гуанчэн өнгөрсөн ням гаригт хүний эрхийн төлөө ажилладаг нууц сүлжээний идэвхтнүүдийн дэмжлэгээр оргож гэрээсээ 300 милийн зайд орших Бээжин хотод ирж, АНУ-ын ЭСЯ-нд нуугдсан байж магадгүйг Хятадын албаны хүмүүс ч, хүний эрхийн өмгөөлөгчид ч мэдэгдлээ. Харин Америкийн тал үүнийг батлаагүй байна.
Ноён Чэн Гуанчэн нь 2006 оноос хойш Доншигу тосгонд гэрийн хорионд байсан ба энгийн хувцастай харуулууд цагддаг байв. Тэр өөрөө хараагүй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон албадлагаар хүүхэд, саваа авахуулсан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг байжээ. Чэн өөрөө бие даан суралцаж хуульч болсон байна. Сурвалжлагч, дипломат, идэвхтэнүүд хэн ч очсон харуулууд нь түүнтэй уулзуулдаггүй байв.
Түүнийг шөнө хашаа давж гарч ирэхэд машинаараа Бээжин хүргэж өгсөн Хи Пэйронийг олон нийтийн хамгаалалтын ажилтнууд Нанжин хот дахь гэрээс нь баривчилж, блог нь хаасан байна. Тэр блогтоо хуульч Чэн олон хоног орноосоо босохгүй хэвтэж, явж чадахааргүй хүнд өвчтэй гэж харуулуудад итгүүлсэн тухай бичсэн байжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Санхүүгийн сайд Тимофи Гайднер нарыг Бээжинд айлчлан эдийн засгийн стратегийн талаар ярих гэж байгаатай энэ явдал давхцсанд Хятадын тал сандарч байна. Хатагтай Клинтон хуульч Чэний талаар хэдэн сарын өмнө Азийн бодлогын талаархи хурал дээр ярьж байсан байна.
Төрийн Департамент, Цагаан ордон энэ асуудлаар ямар ч тайлбар өгөхгүй байгаа ч хатагтай Клинтоны айлчлалын талаар хийх хэвлэлийн бага хурлыг хойшлуулжээ.
Техаст байрладаг “Чайна Эйд” хэмээх христосчуудын эрхийг хамгаалах байгууллагын ерөнхийлөгч Боб Ху “Тэр гадаадад гарах дургүй. Хятадын жирийн иргэн шиг амьдрахыг хүсдэг. Эрх чөлөөгөө эргүүлж авах хэлэлцээр л хийх байх” гэж хэлсэн юм.
“Нью Йорк Таймс” сонин
А.Гэрэл
Сэтгэгдэл ( 0 )