Өнгөрөгч бямба гарагт “Авьяаслаг Британчууд” шоу нэвтрүүлэгт Лондон хотоос ээжтэйгээ хамт очсон есөн настай Малаки Пол цайлган зан, өхөөрдөм үйл хөдлөлөөрөө үзэгчид ба шүүгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн нь цахим ертөнцөд сенсааци тарилаа.
Шоуны шүүгч Аманда хүүг дуулахаас нь өмнө “Жаахан сандраад байгаа юм уу?” гэж асуутал бяцхан Малаки зүгээр л толгойгоо дохижээ. Тэрээр дуучин Бейонсегийн “Listen” дууг гайхалтай дуулж эхэлсэн ч сандарсандаа үгээ мартаж орхисон байна. Алдаа гаргасандаа балмагдсан хүү хоолой нь зангиран уйлж гарчээ. Гэвч үзэгчид хүүд буруу байгаагүй гэдгийг хүлээн зөвшөөрснөөс гадна шүүгч Аманда, Алиша нар ч яахаа мэдэхгүй сандарсан байна. Шоуны үзэгчид Малаки хүүд 2009 оны хагас шигшээд 10 настай Холлие Стийлд тохиолдсон азгүй зүйл давтагдах вий гэхээс эмээж байсан ч ээж нь тайзан дээр гүйн гарч ирж, тайвшруулсны дараа хүү дуугаа дахин дуулж, шүүгчдээс тийм гэдэг хариулт авсан байна. Тэрээр шоуны ялагч болж, 500,000 фунтыг хожвол төрсөн өдрөө хэзээ ч мартагдахааргүй хамгийн сайхан тэмдэглэнэ хэмээн ярьжээ. Хүүд амжилт хүсэгчид онлайнаар кампанит ажил өрнүүлж эхлээд байгаа юм байна.
А.Төмөр
Сэтгэгдэл ( 0 )