Английн парламент Мөрдокийг хэвлэл мэдээллийг удирдахад тохирохгүй гэж үзжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 04

Рүперт Мөрдокийн эзэмшдэг англи сониныхны бусдыг тагнаж чагнасан хэргийг хэлэлцсэн тайланд  Британийн парламент түүнийг олон улсын том компанийг удирдахад “тохирохгүй хүн” гэж дүгнэсэн байна. 

Мягмар гарагт гарсан 121 хуудастай энэхүү тайланд шуугиан эхэлсний дараа хаагдчихаад байгаа “Ньюс оф де Уорлд” сониныхон улс төрч, нэрт жүжигчид, бусад хүмүүсийн тухай мэдээллийг утасны мессежийг нь хакердаж авсныгаа нуух гэж оролдсоныг, удирдах ажилтнууд нь энэ талаар парламентад ташаа мэдээлэл өгснийг дурджээ.

Парламентын гишүүд “Ньюс Корпорэйшн”-ийн эзэн 81 настай Рүперт Мөрдокийн өөрийгөө хамгаалж хэлсэн үгийг үл хэрэгсээд зогсохгүй компанид нь ихээхэн орлого авчирдаг “Би Скай Би” сателлайт телевизид эзэмшдэг хувьцааны хувийг нь бууруулахыг  Засгийн газрын зохицуулагчдаас хүсчээ. Рүперт Мөрдок одоогоор “Би Скай Би” телевизийн хөрөнгөний 39,1 хувийг эзэмшиж байгаа аж.

Хууль бус аргаар мэдээлэл олж авдаг арга нь компанийн соёлтой нь холбоотой төдийгүй удирдлагууд дээрээсээ хүлээн зөвшөөрдөг байжээ. “Тиймээс бид Рүперт Мөрдок нь олон улсын том компанийг манлайлж ажиллахад таарч тохирохгүй хүн байна гэж дүгнэлээ” хэмээн тайланд дурджээ.

“Ньюс Корпорэйшн” нь Америкт төвтэй бөгөөд Англид эзэмшдэг хэд хэдэн сониныг нь Рүпертийн хүү Жэймс Мөрдок нь удирддаг байсан юм. 2006 оноос улбаатай энэ хэргийг зогсоох талаар Жэймс Мөрдок гүйцэд анхаарал тавиагүй аж.  Тухайн үед хүний утас чагнасан хэргээр хоёр ажилтнаа шоронд илгээсэн ч “Ньюс оф де Уорлд” сониныхон ийм ажиллагаагаа үргэлжлүүлсээр байжээ. Жэймс Мөрдок үүнийг мэдээгүй гэж хичнээн мэлзээд, эцэг Рүперт нь хүүгээ хамгаалж доод албан тушаалын удирдах ажилтнуудыг буруутгаад ч парламентын тайланд нөлөөлж чадсангүй.

Харин ч олон нийтийн шахалтаар Жэймс Мөрдокийг Англи дахь сонины удирдах зөвлөлөөс гаргажээ. Мөн хэдэн сарын өмнө Рүүперт Мөрдокийн “Би Скай Би” телевизийг бүхлээр нь 12 тэрбум доллараар худалдаж авах гэсэн оролдлогыг ч няцаасан юм.

Хоёр Мөрдокийн удирдлагад ажиллаж байсан 40 хүнийг одоо утасны мессеж, и-мэйл хакердсан, цагдаа нарт хахууль өгсөн хэргээр саатуулан шалгаж байгаа ажээ. Түүний дотор сонины эрхлэгч байсан Ребека Бруукс, Энди Колсон нар байгаа юм. Энди Колсон шуугиан үүсэх үед ерөнхий сайд Дэвид Камероны хэвлэлийн зөвлөх хийж байгаад олны шахалтаар огцорсон ажээ.

А.Гэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top