Ерөнхийлөгч Барак Обама дахин сонгуулийн компанийхаа санхүүжилтыг дэмжүүлэх хоёр уулзалт хийхээр Сиатлд ирэхэд гудамж дүүрэн эгнэсэн хүмүүс угтаж авчээ. Лхагва гарагт Обама ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжинэ гэж мэдэгдсэнийхээ дараа хийж байгаа анхны аялал нь юм.
“Боинг” компанийн талбай дээр Ерөнхийлөгчийн Айр Форс -1 онгоц буухад Обама болон түүнийг дагалдан яваа сенатч Патти Мөөрий нарыг Вашингтон мужийн захирагч Крис Грэгуар, Сиатл хотын дарга Марк Макгинн, Кинг дүүргийн захирагч Дау Константин болон конгрессийн гишүүн асан мужийн захирагчид нэр дэвшигч Жэй Инслий нарын 11 хүн угтаж мэндчиллээ.
Ерөнхийлөгчийн кампанийн санхүүжилтын эхний арга хэмжээ нь Брүс ба Анн Блүм хоёрын Вашингтон нуурын эрэг дээрх байшинд нь зохион байгуулсан бага үдийн хоол байсан бөгөөд үнэ нь хоёр хүний 35,800 доллар байжээ. Брүс, Анн нар нь он удаан жилийн ардчилсан намыг дэмжигчид юм.
Хоёр дахь арга хэмжээ нь нь “Парамаунт” театрт болсон нэрт дуучин Дэйв Матьюсийн тоглолт байв. Ердийн тасалбар нь 1000 доллар, харин ерөнхийлөгчтэй зураг авахуулбал тасалбар нь 5000 доллар хүрч байв. Энэхүү тоглолтын бүх тасалбар худалдагдсан байна.
Театрт цугласан олон мянган хүмүүсээр дэмжүүлсэн Обама эдийн засаг, цэвэр агаар болон ахмад дайчдын тухай ярьж байхдаа ижил хүйстний гэрлэлтийн тухай дахин дурдаж байлаа.
“Бид энэ орныг урагшлууж байна. Өөрөөсөө болж, хэнд хайртайгаасаа болж цэргээс халагддаг өдрүүд өнгөрсөн. Америкчууд бид бүгдээрээ хүндэтгэлтэйгээр, нэр төртэйгээр урагшилна” гэж Обама хэлжээ .
Хагас өдрийн энэхүү үйл ажиллагааныхаа дараа ерөнхийлөгч Обама Лос Анжелос хотыг зорилоо. Тэнд жүжигчин Жорж Клүүни гэртээ одуудыг урьж нэг хүний 40 мянган долларын зоог барих аж. Нийт 150 хандивлагч ирэх зоогийн хоолыг нь нэрд гарсан тогооч Волфганг Пак хийнэ.
Энэхүү зоогийг “Дриймвөрк Анимэйшн” компанийн захирал Жэффри Катзэнбэрг зохион байгуулж, байгаа бөгөөд өөрийнх нь байшин засвартай тул Жорж Клүүнигийн гэрт хүлээн авч байгаа юм байна. Зочдын дунд жүжигчин Робэрт Дауни болон Барбара Страйзэнд зэрэг алдартнууд багтаж байна..
М.Туяа
Сэтгэгдэл ( 0 )