Солонгос цувралуудаар олон жил толгойгоо угаалгасан манайхан өөрсдөө кино хийхдээ ч хангүг үнэр сэнхийлгэх болжээ. Жишээлбэл энэ сарын 5-аас Монголын үндэсний олон нийтийн телевизээр гарч буй “Ялагдашгүй” гэх олон ангит кино нэрнээсээ эхлээд солонгос стильтэй. Мафийн толгойлогч босс, түүнд дохилзон нахилзан гүйх хамгаалагчид, сайн талын “гүргэр” залуу, түүний хөгжилтэй боловч бүтэлгүй туслахууд зэрэг нь манайханд танил болсон дүрслэл. Уг киноны зохиолч зөвхөн үйл явдлаас гадна дүрүүдээ ч монгол байлгахыг хүссэнгүй бололтой. Мэндүг, Мол, Аслис, Намдүү, Абизи, Шошаг ч гэх шиг солонгос нэрнүүд хөврөнө. Бас болоогүй монгол улсад байгаагүй нэр хаягтай байшингууд харагдаж ч байх шиг. Үндэсний цагдаагийн газар гэсэн ягаан байшин, бас бид бүгдийн мэддэгээс өөр парламентийн ордон дүрсэлсэн нь цаанаа л нэгийг хэлээд байна уу? Харамсалтай нь солонгос соёлын довтолгоонд толгойгоо эргүүлсэн манайхан хөгшид, хүүхэдгүй хөдөө тал, хүний сайхан сэтгэлийг өгүүлсэн монгол ахуйтай киноноос илүү “Ялагдашгүй” хэмээх сүржин нэртэй даржин киног шимтэн үзэж байгаа нь юуг зөгнөнө вэ?
П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )