Францын Ерөнхийлөгчийн ёслолын ажиллагаа болно

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 15

     Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Франсуа Олландын үүрэгт ажлаа хүлээн авах ёслолын ажиллагааг Елисейн ордноос өнөөдөр дамжуулна.

     Тэрээр сөрөг хүчний Социалист намаас нэр дэвшиж өрсөлдсөн ба төгсгөлийн хоёрдугаар шатанд Ерөнхийлөгч асан Николя Саркозиг ялан энэ сарын 6-ны өдөр төрийн тэргүүнээр сонгогдсон билээ.

       Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа даруухан болох аж.  Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Олланд “энгийн, хэвийн” Ерөнхийлөгч байх талаараа байнга ярьдаг байсан нь Ерөнхийлөгч асан Саркозигийн “рекламддаг” байдлаас залхаад байсан францчуудад нилээн таалагдсан бололтой.

       2007 оны тавдугаар сарын 16-нд Николя Саркозийн тангараг өргөх ёслолд бүхэл гэр бүлээрээ оролцжээ. Үүнд: эхнэр Сисилия, анхны эхнэрийн хоёр охин Жюдит, Жанна-Мария, мөн хоёр хүү Пьер ба Жан, Сисилиятай гэрлээд гарсан 10 настай хүү Луи нар оролцож байжээ.

       Энэ удаагийн ёслолын ажиллагаанд Олландын хүүхдүүд (Сеголен Руаяльтай амьдарч байхдаа төрүүлсэн хоёр охин, хоёр хүү), мөн одооны гэргий Валери Триевейлерийн гурван хүүгийн аль нь ч оролцохгүй аж.

Энэхүү шийдвэрийг шинэ ерөнхийлөгчийн том хүү Том Олланд санаачилсан байна.

       Хуучин эхнэр Руаяль нэгэн ярилцлагадаа  “Бид ямар ч өө сэвгүй улс орныг байгуулах ёстой. Франсуа Олланд л ерөнхийлөгч болсноос биш түүний гэр бүл, найз нөхөд нь болоогүй” хэмээн өгүүлжээ.

     Тэрээр өөрийн зүгээс арга хэмжээнд оролцохоос татгалзаагүй ба харин хуучин эхнэр, намын хамтрагч гэдгээр бус, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсны хувьд оролцоно хэмээжээ.

      Елисейн ордонд Олланд өглөөний 10 цагт ирэх ба ерөнхийлөгч асан Саркози түүнийг угтаж аван ажлын өрөөндөө ярилцах ажээ. Энэ үеэр өөрийн залгамжлагчдаа чухал баримт бичгүүдээ хүлээлгэж өгөх ба мөн дээгүүр албан тушаалд томилох саналтай байгаа хүмүүсийнхээ нэрсийн жагсаалтыг ч өгнө хэмээн Figaro сонинд бичжээ.

     Дараа нь Саркози Елисейн ордныг орхин, Олланд ёслолын танхим руу очиж бусад арга хэмжээнд оролцох аж.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top