ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Уралвагонзавод”- ын хэсгийн ахлагч Игорь Холманскийг Уралын тойрог дахь өөрийн бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллуулах санал тавьжээ.
Игорь Холманскийн хувьд 2011 оны арванхоёрдугаар сард Путинтай хийсэн шууд ярилцлагын үед Төрийн Думын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцээд байгаа нөхдийг Москва руу “эрчүүдээ” дагуулж очоод хөөгөөд өгье хэмээн санал тавьснаараа алдартай болсон аж.
“Таныг нийгмийн үйл хэрэгт хэрхэн идэвхтэй оролцож, бүхэл бүтэн нийгмийн хөдөлгөөн зохион байгуулж ажиллаж байгааг би харсан. Иймээс би таныг надтай хамтран ажиллаж, Уралын тойрог дахь миний бүрэн эрхт төлөөлөгч болох саналыг тавьж байна” хэмээн Путин өчигдөр Игорь Холманскийг хүлээн авч уулзахдаа хэлжээ. Тэрээр “Та бол бүхий л амьдралаа үйлдвэрт зориулсан хүн. Тиймээс жирийн ажилчин Оросын иргэн хүн юугаар, хэрхэн амьдарч байгааг маш сайн мэднэ. Бүрэн эрхт төлөөлөгч бол төрөл бүрийн засаг захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж шууд нөлөөлөх боломжийг олгодог ба энэхүү албан тушаал нь нийт хөдөлмөрчдийн эрх ашгийн төлөө тэмцэгч тань шиг хүнд яг тохирно” хэмээн өгүүлсэн байна.
Д. Мягмарсүрэн