Монголын үлэг гүрвэлийг дэлхийн эрдэмтэд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамгаалж эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 20

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж АНУ-ын Херитэйж Аокшн байгууллагаас дуудлагаар худалдахаар зарласан Монголын говиос олдсон байж болзошгүй үлэг гүрвэлийн араг ясыг монголд буцааж авчрах талаар анхаарлаа хандуулж, мэдэгдэл гаргаж мөн тодорхой үүрэг чиглэлийг БСШУ-ны сайдад өгсөн билээ.

Энэхүү үйл явдал дэлхийн олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эрдэмтэд судлаачдын анхаарлыг татаж, шуугиан тарьж эхэллээ.

Дэлхийн олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл Тринозаурус Батаар /Tyrannosaurus Bataar/-ыг дуудлага худалдаанд оруулах ёсгүй гэсэн байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал, Английн The Guardian сонин Монгол Улсын Ерөнхийлөгчийн вэб сайт дахь мэдээллээс иш татан, үлэг гүрвэлийн араг яс ямар замаар АНУ-ын Херитейж Аокшн байгууллагын мэдэлд очсоныг эрэн сурвалжилж сурвалжлага бэлджээ. Мөн  The Courier Journal “Монгол Улсын эрх баригчид энэхүү дуудлага худалдааг эрс эсэргүүцэж байгаа төдийгүй тэд энэхүү олдвор нь хууль бус аргаар хилийн чанадад гарсан байж болзошгүй тухай баримтууд олж эхэлсэн байна” гэжээ.

Мөн дэлхийн бусад орны эрдэмтэд судлаачид энэхүү үлэг гүрвэлийн араг яс нь Монголын говиос олдсон гэдгийг нотолж мэдэгдэл гаргаж байна. Тухайлбал АНУ-ын Байгалийн түүхийн музейн эрдэмтэн, Монголд 22 жил малтлага хийсэн доктор Марк Норел ярилцлагадаа “Энэ төрлийн динозавр зөвхөн Монголоос олддог бөгөөд тус улсын хуулиар ямар ч палентологийн олдвор Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр хилээр гарах боломжгүй. Иймээс энэ бол хууль бус аргаар хилээр гаргасан олдвор байх бүрэн магадлалтай” хэмээн дурджээ.

Энэхүү асуудал дээр Монголын төр засгийн албаны хүмүүсийг болон эрдэмтэд судлаачдыг төлөөлөн Шинжлэх ухааны академийн албан ёсны төлөөлөгч, судлаач Минжингийн Болорцэцэг ажиллаж байна.

Тринозаурус Батаар-ыг дуудлага худалдаанд оруулахыг эсэргүүцэж АНУ дахь Монгол Улсын Элчин Сайдын яамнаас АНУ –ын төрийн департаментад албан ёсоор мэдэгдэл хүргээд байна.

Мөн Монголын эрдэмтэд дэлхийн Палентологийн хүрээлэнгийн захирал ноён Ф.Кари- д хандан Монголын хилээр хууль бусаар гарсан байж болзошгүй энэхүү тун ховор олдворыг Монголд буцааж авчрах талаар анхаарлаа хандуулахыг хүссэн захидал илгээгээд байна.

Тринозаурус Батаар-ыг дуудлага худалдаанд оруулахыг эсэргүүцэж, Монголд буцаан авчрахыг дэмжсэн 100 орчим судлаач, палентологич, эрдэмтэд, сэтгүүлчид болон өмгөөлөгчдийн захидлыг бид хүлээн аваад байна. 

Top