Мөрдокийн гол туслагч сэжигтнээр татагдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 20

Хэвлэлийн магнат Рүперт Мөрдокийн Англи дахь сониныг эрхэлж байсан Ребека Брүүксийг эд мөрийн баримт устгасан хэрэгт мягмар гаригт албан ёсоор сэжигтнээр татагдлаа. Мөрдокийн удирдсан хоёр шар сониныхон олон хүний утасны болон и-мэйлийн мессежид нэвтэрч, төрийн албаныханд хахууль өгсөн гэсэн шуугиан дэгдсэнээс хойш 16 сарын турш цагдаагийнхан энэ хэргийг мөрдөхдөө 50 хүнийг баривчилж барьцаагаар сулласны дотор Ребека Брүүксийг хоёр удаа баривчилж байсан юм.

Скотланд  Ярд эл хэргийн талаар ид шуугиж байсан 2011 оны долдугаар сарын 16-19-ний өдрүүдэд  өөрийн нөхөр, туслах, жолооч, хамгаалагч нартайгаа хамтран электрон төхөөрөмж, баримт бичиг, архивын материал нууж  устгасан хэрэгт Брүүксийг буруутгаж байгаа юм байна. Хуулийн мэргэжилтнүүд  энэ хэргийг есөн сарын дараа шүүхэд шилжинэ гэж үзэж байна. 

Харин бусдыг тагнаж чагнасан, төрийн албаныханд хахууль өгсөн гэсэн  хэргийг үүнээс удаан хугацаагаар мөрдөх болно.  Учир нь улс төрч, одод, жирийн иргэдийг хамарсан наад зах нь 800 хүн уг хэргийн хохирогч болоод байна. Түүнчлэн 185 цагдаагийн ажилтан 65 сая долларын хахууль авсан хэрэгт шалгагдаж байна.

Лондонгийн 13 настай Милли Даулер охин хулгайлагдаад, дараа нь цогцос нь олдохын өмнөхөн  Ребека Брүүксийн эрхэлж байсан “Ньюс  оф дэ Уорлд” сониныхон  утасны мессеж руу нь орсон байсан нь өнгөрсөн зун  нийтэд мэдэгдмэгц  аав, хүү хоёр Мөрдок 168 жилийн түүхтэй сониноо хаасан билээ.

“Нью Йорк Таймс” сонин

А.Гэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top