Канадын цагдаа нар хууль зөрчсөн нь тогтоогджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 20


Удтал хүлээсэн тайлан гарч хоёр жилийн өмнө Торонтод болсон “Их долоогийн бүлэг-20” уулзалтын орчим цагдаа нар хэт их хүч хэрэглэж, хүчирхийлэл үйлдэн хүмүүсийн үндсэн эрхийг зөрчин хууль бусаар баривчилсан гэж дүгнэлээ. Цагдаагийн Хөндлөнгийн Хяналтын албаны захирлын энэхүү 287 хуудас бүхий тайлан цагдаагийн ажилтнуудыг олон тооны хэрэгт холбогдуулах болно.

Хэдийгээр “Их долоо”-гийн уулзалтын хамгаалалтад Канадын түүхэнд хамгийн өндөрт тооцогдох  буюу нэг сая доллар зарцуулсан ч үр дүн нь ширүүн хэлэлцүүлэгтэй тулгарсан юм.

Уулзалт дөнгөж эхэлж байх үед эсэргүүцэгчдийн цөөн хүнтэй бүлэг Торонто хотын төвөөр явж дэлгүүр худалдааны газрыг тоноход цагдаа нар яагаа ч үгүй аж.  Харин тэд дараа нь гэнэт хөдөлгөөнд орж 1100 хүнийг баривчилсны олонхи нь тайван жагсагч, эсвэл зүгээр л дэргэдүүр явж байсан хүмүүс байжээ.  Тиймээс удалгүй суллагдсан байдаг. Зарим хүнийг холбогдох зөвшөөрөл ч үзүүлэлгүй гэрээс нь баривчилсныг тайланд дурджээ.

Торонтогийн цагдаагийн орлогч дарга Тони Уарр доод тушаалынхандаа гудамжийг хяналтад авах үүрэг өгсний дагуу цагдаа нар ажиллахдаа ийнхүү хууль зөрчиж, хүч хэтрүүлжээ.

“Дээд албан тушаалын дарга нь өөрсдийн үйлчилгээ болон жагсан эсэргүүцэгчдэд хэрхэн хандах нь газар дээр ажиллаж байгаа цагдаа нарын хариултын өнгө аяст нөлөөлөх нь гарцаагүй. Энэ нь хувь цагдаад ямар ч хорио цээргүйгээр хүч хэрэглэх зөвшөөрлийг олгож байгаа юм. Хүч хэрэглэсэн олон цагдаа бусдыг баривчилж байхдаа хүчирхийллийг хүчирхийллээр хариулж болно гэсэн ойлготыг өгсөн байна” гэж тайланд өгүүлжээ.  

Тухайн үед баригдсан хүмүүсийг киноны студи байсан газарт хорьж байсан бөгөөд тэнд багтахгүй байгаа олон хүнийг ганц компьютер дээр бүртгэхдээ алдаа гаргаж, дутуу тэмдэглэж байжээ. Хүүхэд залуусыг насанд хүрэгчидтэй хорьж, олонхи хүний өмгөөлөгч авах эрхийг хааж, утсаар яриулахгүй байжээ. Мөн хоол хүнс, уух ус, бие засах боломжоор хангахгүй маш удааж үндсэн хуулийн эрхүүдийг нь зөрчиж байжээ.

Тайлан 42 зөвлөмж гаргасны дотор цагдаа нарын буруу үйлдлийг илчлэх баримтуудыг ил гаргах зөвлөмж багтаж байгаа юм.

Торонтогийн цагдаагийн газрын дарга Билл Блэйр хэвлэлийн бага хурал дээр хүлцэл өчихөөс татгалзсан байна. Тэр хэлэхдээ “Хөндлөнгийн тайлангийн нэр бүхий цагдаа нарын эсрэг гаргаж ирсэн 24 нэхэмжлэл сахилгын арга хэмжээгээр дуусах магадлалтай” гэлээ.

Одоогийн байдлаар Торонтогийн нэг мөрдөн байцаагч  баривчлагдсан хүний биед гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдаад байна.

“Нью Йорк Таймс” сонин

А.Гэрэл


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top