Хакер-хулгайч нарт ял оноов

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 22

    Калининград  хотноо банкны харилцагчдаас хоёр сая гаруй рубль хулгайлсан хакеруудын бүлгийг шүүн ял оноолоо. Оросын хэдэн арван хотын кредит карт эзэмшигчид энэхүү  кибер гэмт хэрэгтнүүдийн золиос  болсон ажээ.

      Районы шүүхээс тэдэнд  5-6 жилийн хорих ял оноосон ба шүүх хурлын туршид тэдгээр залуус нүүрээ цаас, сонингоор таглан харуулахыг хүсэхгүй байсан байна.

     Омск, Челябинск, Волгоград, Ростов, Чебоксар хотын янз бүрийн банкны олон харилцагчид данснаас нь гэнэт их хэмжээний мөнгө алга болоод байгааг анзаарчээ.  Ингээд цагдаагийн газарт хэдэн арван хүн өргөдөл гомдол гаргасан байна.

     Хакеруудыг ээлжит үйлдлээ хийх үед нь баривчилсан ажээ. Гэмт хэрэг үйлдэхэд зориулсан схем, вирусын программыг Попл хочтой Санкт-Петербургийн 20 настай залуу зохиосон байна. Тэрээр одоо бас өөрийн хамсаатнуудын хамт баривчлагдан байцаагдаж байгаа аж.

     Вирусын программын тусламжтайгаар гэмт этгээдүүд банкуудын вебсайтын хуудсуудыг хуулж аван харилцагчдын мэдээлэлд нэвтэрч, тухайн хүн банктай харилцах үйлдэл хийх үед нь нууц кодыг нь мэдэж авдаг байжээ.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top