Кристиан Лубутен: Миний гутлыг авах гэж шоронд орсон эмэгтэй ч бий

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 26

Кристиан Лубутен. Энэ нэрийг мэдэхгүй бүсгүйг загварын талаар ямар ч мэдрэмжгүй гээд тодорхойлчиход буруудахгүй биз ээ. Учир нь, Кристиан Лубутений өндөр өсгийтүүд эмэгтэй хүнийг донтуулах шахам өөртөө дурлуулдаг билээ. Виктория Бекхэм шиг хамгийн өндөр загварын мэдрэмжтэй моод хөөгчдөөс эхлээд Анжелина Жоли шиг Холливудын одод, Карла Бруни, Кейт Миддлтон шиг эрхэмсэг язгууртан, тэргүүн хатагтай нар хүртэл Кристиан Лубутений улаан улт туфлиэр ижилсдэг. Өнгө өнгийн дэгжин, хээнцэр загвараараа үргэлж гайхагддаг энэ брэндэд донтсон бүсгүйчүүд нэг удаа л Кристиан Лубутений нэрийн дэлгүүрээр орохдоо хэдэн зуун ам.долларын үнэтэй туфлиудээс 70, 80 хосоор нь авах нь бий. Тэр бүү хэл энэ брэндийн шүтэн бишрэгч Даниелле Стил хэмээх эмэгтэй Лубутений 6000 гутлын цуглуулгатайгаараа Гиннесийн дээд амжилт тогтоохоор болоод байгаа. Ингээд бүсгүйчүүдийн хөлний мөрөөдөл болсон гайхамшигт туфлиудыг урлагч, Францын загвар зохион бүтээгч Кристиан Лубутений ярилцлагыг хүргэж байна. 

-Кристиан Лубутений нэрийн хуудас болсон улаан улт туфль загварын ертөнцөд орж ирээд 20 жил болжээ. Өөрийнхөө нэрийг брэнд болгож чадсандаа сэтгэл хэр хангалуун байна вэ?

-Сайхан байна. Хэрвээ 20 жилийн өмнө амьдрал ийм байдаг гэдгийг мэдсэн бол магадгүй бүх зүйл өөр байх байсан биз ээ. Би саяхныг хүртэл өөрийнхөө овог нэрэнд дургүй байсан. Харин гуталнууд маань үүнийг өөрчилсөн.
-Өнөөдөр таны нэр Шанель, Кристиан Диор гээд домогт загварын орднуудынхтай эн тэнцүү тансаг брэнд гэж хүлээн зөвшөөрөгддөг болжээ. Анх энэ бизнест орж байхдаа ийм амжилтад хүрнэ гэж төсөөлж байв уу?

-Эхэндээ би өөрөө ч амжилтандаа итгэж чадахгүй, шоконд ордог байсан. Харин одоо бол их аятайхан санагддаг болоод байгаа шүү.
-Загварын ертөнцөд 20 жил ажиллалаа. Дандаа гутлын загвар зохиож суухаас залхаж уйтгарлах үе гардаг уу?
-Уйтгарлах гэдгийг би хэзээ ч ойлгодоггүй. Гоё ганган гутал зохион бүтээх гэсэн хүсэл эрмэлзэл минь одоо ч хэвээрээ. Би өөртөө уйтгарлаж, ядарч суухыг зөвшөөрдөггүй, амьдралд хайртай хүн. Бусадтай амархан ойлголцдог, нээлттэй. Энэ нь ч миний бүтээлүүдээс харагддаг.

-Та яаж ийм өөдрөг, аз жаргалтай байдаг юм бэ?
-Ээжийн минь л ач. Би дээдэх эгчээсээ 20 жилийн дараа төрсөн юм. Тийм ч учраас ээжийнхээ алган дээр бөмбөрч өссөн. Миний дээр гурван эгч бий. Тийм их хайранд өссөн хүн хэзээ ч уруу дорой явдаггүй юм. Ээж намайг хүссэн бүхнээ хийхийг зөвшөөрч, дураар минь өсгөсөн.

-Та эмэгтэй хүний юуг хамгийн түрүүнд хардаг вэ?
-Лав гутал руу нь хардаггүй. Энэ миний хувьд нэгэн төрлийн тоглоом гэсэн үг. Эхлээд би бүсгүй хүний нүүр царай, дараа нь хувцсыг нь хардаг. Харин дараа нь ямар гутал өмссөн бол гэж дотроо таахыг оролддог. Тэгээд эцэст нь шалгаад үзэхэд дандаа л миний зөв байдаг даа.
-Эмэгтэй хүн яагаад гуталд тэгтлээ дурладаг юм бол?
-Эмэгтэй хүн гутал өмсч үзэхдээ толинд гутлаа биш үнэн хэрэгтээ өөрийгөө хардаг. Хэрэв тэр өөрөө сайхан харагдаж байвал гутал нь таалагдаж эхэлдэг Эмэгтэй хүний хувьд таалагдсан гутлаа өөрийн болгож авах, гэртээ очоод хайрцагнаас нь гаргаж өмсч үзэх нь хүртэл нэг төрлийн таашаал юм. Тэдэнд гутал нь чанартай байна уу, хэдэн жил эдэлсэн бэ гэдэг нь огтхон ч чухал биш. Гэтэл эрэгтэй хүн огт өөр. Тэдний хувьд гутлаа тосолж өмсөөд л, тэр нь он удаан жилийн эдэлгээ дааж байвал сэтгэл нь ханаж, бүр олон жил өмсөхийг илүүд үздэг. Эрэгтэй, эмэгтэй хүн байгалиасаа ийм өөр төрсөн. Ямар ч хувцасгүй гэхдээ өндөр өсгийттэй эмэгтэй ямар үзэсгэлэнтэй харагдах бол. Гэтэл түүний оронд эрэгтэй хүнийг тавиад үз дээ. Шал тэнэг харагдана, тийм биз.


-Өнөөдөр эмэгтэй хүн бүр ядаж нэг Кристиан Лубутений гуталтай байх ёстой гэсэн үг гарчээ. Женнифер Лопез хүртэл таны гутлыг алдаршуулсан дуу зохиож. Юу таныг ингэж өндөр өсгийтийн загвар зохиоход хүргэсэн юм бэ?

-Би хэзээнээс л өндөр өсгийт өмссөн эмэгтэйчүүдэд дуртай байсан. Өсвөр насны хүү байхдаа бүжгэнд орох дуртай байлаа. Тэр үед бүжгийн танхимд өндөр өсгийттэй бүжиглэж байгаа охид хамгаас гоё харагддаг байж билээ. Тэр үеэс л гутлын загвар дизайн зохиож эхэлсэн юм.
-Туфль, эсвэл намхан ултай гутлын алийг нь сонгохыг та бүсгүйчүүдэд зөвлөх вэ?
-Мэдээж, өндөр өсгийт. Натураль, энгийн байх гэсэн ойлголтыг би үзэн яддаг.

-Яагаад өндөр өсгийт эмэгтэй хүнийг илүү сайхан харагдуулдаг юм бол?
-Өсгийтэй гутлыг хүн гүйх гэж өмсдөггүй юм. Өндөр өсгийт өмссөн бүсгүй хүн ердийнхөөс нэг алхам удаан явдаг. Хурдан алхаж байгаа бүсгүйд сэтгэл татах юу ч байдаггүй. Хэн ч хажуугаар салхи татуулаад өнгөрөх хүнийг онцолж хардаггүй шүү дээ. Тэгвэл өндөр өсгийт өмссөн бүсгүй илүү удаан алхдаг учраас хүний анхаарал татаж, нүдэнд тордог юм.
-Лубутений гуталтай бүсгүй хэр хол явж чадах бол?
-Шорон хүртэл./инээв/ АНУ-ын Даллас хотод очоод байхдаа би нэг эмэгтэйн тухай сонссон. Тэр эмэгтэй компаниасаа мөнгө завшаад шоронд орсон юм билээ. Хамгийн хачирхалтай нь, миний гутлыг худалдаж авах гэж мөнгө завшсан гэсэн.

-Таныг Лубутений барби гаргахаар гэрээ байгуулсан гэж сонссон. Тэгэхдээ барбигийн шагайг тарган гэж голоод илүү нарийхан хийгээрэй гэж хүссэн гэсэн, энэ үнэн үү?
-Тийм ээ. Барбины шагай нь хэтэрхий шулуун учраас туфль өмсгөхөд тийм ч сайхан харагдахгүй л дээ. Сайхан хэлбэртэй шагайнаас илүү хөөрхөн юм байдаг уу. Барбиг төгс болгохын тулд шагайг нь янзалж, нарийхан, хэлбэртэй болгохыг хүссэн юм. Тэглээ гээд барби ямар өвдөх биш. /инээв/
-Таны загварын санаа, уран бүтээлийн онгодыг юу хөглөдөг вэ?
-Амьдрал, бүсгүйчүүд, бас миний уран сэтгэмж.

-Эмэгтэй хүн бүрт байвал зохих гутал?

-Юу ч өмсөөгүй юм шиг харагдуулах биеийн өнгөтэй туфль.

-Өөрийнхөө стилийг гурван үгээр тодорхойлохгүй юу?

-Чөлөөтэй, өнгөлөг, бас тэгээд малгай.

-Таны дуртай дизайнер?

-Миний хамгийн дуртай дизайнер бол Ие Сен Лорен. Түүний загварууд хүнийг дандаа сэтгэл татам харагдуулдаг.

-Таны туйлын хүсэл юу вэ?

-Миний гутлыг өмссөн эмэгтэй хүн бүр үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэй, дур булаам харагдаасай.

Эх сурвалж: "Ардчилал" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top