Ватикан вант улсын нууцад хамаарах бичиг баримт, Ромын пап лам XVI Бенедиктийн хувийн захидал зэрэг зүйлс Италийн хэвлэлүүдээр гарах болсон.
Энэхүү нууц материалууд дэлгэгдсний дараа Ватиканы ихэс дээдсүүд энэ бүхэн хэний гараар дамжин хэвлэлүүдэд хүрэв гэдгийг хайсны эцэст гэм буруутанг олжээ.
Ийнхүү улсын нууц задалсан нөхөд нь Пап ламын шадар туслах Паоло Габриель, Ватиканы мөнгө санхүүг атгадаг Төв банкны дарга асан Этторе Готте Тедесчи нар байжээ.
Папыг сүүдэр мэт дагалдаж явдаг хамгийн ойрын туслах Паоло Габриелийг нууц задалсан гэдэгт Ватиканы иргэд итгэж чадахгүй гайхаж байгаа ч түүний гэрээс хэргийн баримт болох нууц бичгүүд олдсон аж. Тиймээс түүнийг өчиггүйгээр хориод байгаа юм байна. Тэрээр гэм буруутай нь нотлогдвол улсын нууц задруулсан хэмээх зүйл ангиар 30 жил хүртэл хорих ялаар шийтгэх гэнэ. Гэхдээ ялыг Италийн шоронд эдлүүлэх бололтой.
Энэхүү хэрэгт оролцолдоод байгаа нөгөө нэг сэжигтэн нь Ватиканы төв банкны дарга асан Этторе Готте Тедесчи юм. Түүнийг ажлаа муу хийсэн гэдэг тайлбартайгаар төв банкны удирдах зөвлөлийн шийдвэрээр өнгөрсөн долоо хоногт огцруулсан ч улсын нууц задалсан учраас суудлаасаа унасан гэж хэвлэлүүд бичиж байна. Харин тэр өөрөө огцорсон шалтгаанаа банкны үйл ажиллагааг нээлттэй болгох гэснээс үүдсэн гэж тайлбарлажээ.
Тэдний задалсан нууц баримт материалууд сонины хуудсанд хэвлэгдээд зогсохгүй “Дээрхийн гэгээнтэн” хэмээх ном болон уншигчдад хүрээд байгаа нь Вакитаны ихэс дээдсийг ихээхэн бухимдуулж, зохиолчид, эх сурвалжуудыг нь эрүүгийн хэрэгт татан шалгуулна гэж мэдэгдэж байгаа. Уг номд Ватиканд эрх ямбаараа №2-д бичигддэг кардинал Тарцисо Бертонетой холбоотой олон ноцтой баримт, тэр дундаа төв банкаар шилжүүлсэн сэжигтэй мөнгөн гуйвуулгын тухай баримтыг дэлгэсэн нь шуугиан дэгдээд байгаа юм.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )