Нотариатчийн нөхөр луйвар хийжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 31

Москва орчмын Королева дахь нотариатын конторын ажилтан бөгөөд нотариатчийн нөхөр Жан Журавлев өөрийн хамсаатан Генжул хэмээх бүсгүйтэй нийлж 2010 онд нас барсан тэтгэврийн хөгшний хоёр өрөө байрыг залилангийн аргаар өөрийн болгосон байна.

Тэрээр талийгаач өвгөнд ойр дотны хамаатан садан байхгүйг мэддэг байсан бөгөөд хуурамч материал бүрдүүлэх замаар өөрийн хамсаатан эмэгтэйг өвгөний өв залгамжлагч болгон баталгаажуулжээ. Үүний дараа хуурамч өв залгамжлагч эмэгтэй Тимирязевийн шүүхэд хандан уг байрны албан ёсны өмчлөгчийн эрхийг авсан байна.

Гэвч луйварчдын бүрдүүлсэн материалууд орон сууцны конторын ажилтнуудад сэжигтэй санагдснаас үүдэн шалгалт явагдан заль булхай нь илчлэгдсэн ажээ. Шалгалтын явцад тухайн нотариатын ажилтны гэрээс нилээн хэдэн хуурамч дардас, гарын үсэгтэй материалууд илэрсэн ба энэ талаар нотариатч эхнэр нь огт мэдээгүй хэмээн цагдаагийнханд хэлсэн байна.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top