Саудын Арабын баячууд, шейх, ханхүү гүнж нар нь яг л үлгэрийн оронд амьдарч байгаа мэт тансаг амьдарч, хүссэн зүйлдээ шуудай шуудайгаар нь мөнгө цацаж орхидог мэтээр дэлхийн хэвлэл мэдээллээр бичдэг. Гэтэл бүгд ч бас тийм өгөөмөр, сул гартай биш бололтой. Саяхан Саудын гүнж Маха аль-Судаири Парисын дээд зэрэглэлийн Shangri-La зочид буудлаас зургаан сая еврогийн өр үлдээгээд "бултах"-ыг завджээ. Аль-Судаири 2011 оны 12 дугаар сараас эхлэн бараа бологч 60 хүний хамт бүхэл бүтэн нэг давхрыг эзэмшин, зочид буудалд амьдарсан аж. Харин тавдугаар сарын 31-ний шөнө эрхэм зочин буудлыг орхин гарах гэсэн ч амжилтгүй болж, хамгаалагч нар цагдаа дууджээ.
Гэтэл бямба гаригт тус зочид буудлын захирал Ален Боржер зочдод төлөгдөөгүй өр байхгүй хэмээн мэдэгдсэн ч гүнж тооцоогоо хийхгүй зугтахыг завдсан гэсэн мэдээллийг баталсан байна. Харин Парис дахь Саудын элчин сайд Аль-Судаириг дипломатын халдашгүй эрхтэй хэмээн онцолжээ. Дашрамд дуулгахад Маха Аль-Судаири Саудын Арабын угсаа залгамжилсан ханхүү Наиф бин Абд аль-Азизын хуучин эхнэр бөгөөд нэг бус удаа дуулианд орооцолдож байсан нэгэн юм. 2009 онд гэхэд л гүнж Парисын үнэт эдлэлийн дэлгүүрээс 89 мянган еврогийн үнэ бүхий гоёл чимэглэл зээлдсэн ч "луу унжиж" арайтай л шүүхийн хаалга татчихалгүй хэрэг өндөрлөж байв.
Мөн дээд зэрэглэлийн олон ч дэлгүүр түүнд гомдоллож байлаа. Aux caprices de Lily дотуур хувцасны дэлгүүрийн эзэн The Times сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Саудын Арабд баян чинээлгээрээ хоёрт орох хүнтэй бид ганцаараа л тэмцэж байгаа юм шиг санагдах юм. Түүний /гүнжийг хэлж байна/ эх оронд нь талхны булан хулгайлсны төлөө хүмүүсийн гарыг тасалдаг байхад тэр Европт ирээд л бүгд түүний үгийг дагана гэж бодож байгаа нь солиотой хэрэг" хэмээн өгүүлж байв.
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин
Сэтгэгдэл ( 0 )