Тэтгэврийн эмээ нарын цуврал алуурчин эмэгтэйг яллалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 04

Оросын Екатеринбург хотод өнөөдөр тэтгэврийн эмээ нарыг “ангуучилж” байсан алуурчин  Ирина Гайдамачукт ял оноолоо. Тэрээр  17 аллагад буруутгагдаж байгаа аж. Түүний хэргийн материал 443 хавтас бүрдүүлсэн байна.

Энэ эмэгтэй  эхлээд хөгшчүүдтэй танилцаж итгэлийг нь олсны дараа шунахай сэдлээр тэдний амийг бүрэлгэдэг байжээ. Анх 2002 оны зун Красноуфимскт нэгэн эмээг хороосноор гэмт хэрэг нь эхэлсэн байна. Дараагийн аллагууд Серов, Ачита, Екатеринбург хотуудад үйлдэгдсэн байна.. Ингээд 8 жилийн дараа буюу 2010 оны зун баривчлагдан байцаагдаж байгаад өнөөдөр шүүх хурлаар шийдэгдэж байгаа ажээ.

Түүний гэмт хэргийн золиосууд нь зөвхөн маш өндөр настай эмээ нар. Тэрээр нийгмийн ажилтны дүрээр гэрт нь нэвтрэн цүнхэндээ авч явдаг алхаараа цохиж амь насыг нь егүүтгэдэг байжээ. Үүний дараа бүх мөнгө, үнэт эдлэлийг нь аваад уг хэргийн талаар хүмүүст аль болох удаан хугацааны дараа мэдүүлж байх зорилгоор  гарахдаа заавал хаалгыг нь цоожилдог байж.

Оросын Мөрдөн байцаах ерөнхий газрын даргын өгүүлж буйгаар тэр эмэгтэй хаана ч ажилладаггүй, ямар ч бичиг баримт эзэмшдэггүй байсан нь бусдад мэдээлэл олгох эх үүсвэрийг хааж, цуврал аллагыг илрүүлэхэд олон жилийн хугацаа зарцуулагдсан байна.

Энэхүү “Красноуфимскийн маньяк” гэгддэг алуурчин эмэгтэй бүх хөгшчүүлд оршуулгандаа хадгалсан мөнгө байдгийг тооцоолон, зөвхөн мөнгөний төлөө тэрхүү эмээ нарыг алсан ажээ. Тэрээр эрүүгийн хуулинд эмэгтэйчүүдийг бүх насаар нь хорих заалт байхгүй учраас тухайн үйлдсэн хэрэгтээ 20 жилийн ял авахаар болжээ.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top