ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооноос хурал зохион байгуулж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 13

Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянахад салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооноос энэ сарын 11-14-ний өдрүүдэд Малайз улсын Куала Лампур хотноо хурал зохион байгуулж байна. Тус хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэл, НЭМБХЗГ-ын орлогч дарга Д.Байгалмаа, ГХАХ-ийн дарга Б.Янжмаа, ЗТХБЯ-ны СХОГ-ын дарга Г.Мөнхбилэг нар оролцож байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 66 дугаар чуулганы хүрээнд зохион байгуулагдсан Халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтын өндөр түвшний уулзалтаас баталсан Улс төрийн тунхаглалын мөрөөр ДЭМБ-ыг гишүүн улс орнууддаа салбар дундын хамтын ажиллагааны үндэсний төлөвлөгөө батлуулан ажиллахыг үүрэг болгосон ба энэ ажлын хүрээнд манай бүсийн хорооноос дээрх хурлыг зохион байгуулж байгаа юм.

Өчигдөр буюу 6 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаан дээр НЭМБХЗГ-ын дарга Д.Байгалмаа Монгол улсын халдварт бус өвчний талаар баримталж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар илтгэл тавьж, бүсийн гишүүн улсуудын төлөөлөгчдийн асуултанд хариулав.

Өнөөдрийн хурал дээр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэл Монгол улсын эрүүл мэндийн санхүүжилт, ялангуяа нийгмийн эрүүл мэнд,халдварт бус өвчний санхүүжилт, зардлын талаар илтгэл тавилаа. Манай улсын хувьд Эрүүл мэндийг дэмжих санг 2007 онд байгуулж, нийгмийн эрүүл мэндийн санхүүжилтийг нэмэгдүүлж чадсан улсуудын нэг бөгөөд архи, тамхи, эмийн татвараас тодорхой хувийг дээрх санд төвлөрүүлж, хүн ардын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт сурталчилгаа болон нийгмийн эрүүл мэндийн бусад хөтөлбөрийг санхүүжүүлдэг нь бүсийн бусад улсуудад жишиг болохуйц байгаа юм.

Хурлын эцэст гишүүн улсууд үндэсний хэмжээнд салбар дундын хамтын хамтын ажиллагааг өргөжүүлэх тодорхой зорилт бүхий төлөвлөгөө боловсруулан ажиллах талаар чиглэлтэй болсон байх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top