Москвагийн оршин суугчид шөнө бараг унтдаггүй, тэр тусмаа зуны дулаахан, намуухан шөнө.
Метро зогссоноос хойш ч тэнд зугаалж, үзэх зүйлс мундахгүй. “В Москве” портал сайтын зүгээс зуны богинохон үдшийг унтаж өнгөрөөх нь хайран санагдаж буй хүмүүст зориулан хаашаа очиж, юу хийж болох талаар танилцуулсан байна.
Жишээ нь театр-экскурсийн төв “Огни столицы””-д зочилж, “Эрмитаж” цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж болно. Бүх экскурс нь шөнийн 01 цагаас өглөөний 06 цаг хүртэл зохиогддог аж.
“Булгаковский дом” музей мөн шөнийн аялал зохиодог ба амралтын өдрүүдэд шөнийн 01-06 хүртэл явганаар болон автобусаар гэсэн ангилалаар, “Мастер ба Маргарита” романы газруудаар аялуулдаг. Үнэ нь 800-1000 рубль.
Шөнийн алдартай кинотеатрууд: “Октябрь”, шинэ Арбатад “Каро Фильм Атриум”, хотын төвд “Парк Культуры” метроны станцын ойролцоох “Стрела” г.м. Шөнийн үзвэрүүдийн үнэ нь бусад үеэс харьцангуй хямдавтар. Үзвэрийн заал нь маш тохилог буйдан бүхий цөөхөн суудалтай байдаг аж.
Мөн олон тооны шөнийн цэнгээний газрууд хотыг бүхэлд нь харж болохуйц өндөрлөг газарт байрлан зочдод шөнийн Москвагийн өнгө үзэмжийг сонирхуулдаг ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )