10. - Винсент "The Chin" Жиганте (1928 - 2005)
Винсент Нью-Йоркт 1928 онд төрсөн. Маш хэцүү зан ааштай хүн байжээ. Боксоор хичээллэдэг болсон хойноо Х ангидаа сургуулиа хаясан. 25 тулаанаас 21 ялалт авч байсан дунд жингийн боксчин аж. 17 настайгаасаа гэмт хэргийн бүлэглэлд орж анх удаа 25-тай байхдаа баривчлагдаж байсан гэдэг. Геновезегийн гэр бүлийн гишүүн тэрээр Франк Костеллог алах оролдлого хийж байсан ч амжилтгүй болсон. Харин мафийн босс Тони Салерног баривчлагдсаны дараа Жиганте гэр бүлийнхээ гол толгойлогч нь болсон. Нью-Йоркийн гудамжаар хамгаалагчдынхаа хамт унтлагын халаадтай зугаалах нь түүний ганц хобби. 1960 оноос хойш хуулийнхнаас оргон зайлж явсан түүнийг 2003 онд л баривчилж ял оноосон хэдий ч тэрээр 2005 он шоронд зүрхний шигдээсээр нас баржээ. Уг нь 2010 онд сайн өмгөөлөгчийн ачаар өршөөлөөр суллагдах байсан юм.
9. – Альберт Анастасиа (1903 – 1957)
Альберт 1903 онд Италид төрсөн. Хүүхэд байхдаа гэр бүлийн хамт Америкт цагаачлан ирсэн аж. Америкт ирээд 18 сар болонгуутаа Бруклинд ачааны машины жолоочийг алсан хэргээр шоронд оржээ. Гэвч хохирогчийн үл мэдэгдэх гэрч гарч ирсэнээр хэрэг сөхөгдөж түүний ачаар суллагдсан. Альберт Анастасиа нь Жо Массериагийн захиалгаар хэд хэдэн аллага үйлдсэнээр гэмт хэргийн ертөнцөд нэрд гарсан юм. Тэрээр 1931 онд мафийн толгойлогч Чарли Лучаног хордуулан алсан гэх хэрэгт холбогдсон дөрвөн хүний нэг. 1944 он гэхэд тэрээр Murder, Inc хэмээх захиалгат аллагын бүлэглэлийн лидер болоод байлаа. Гэхдээ Альбертыг 400-700 орчим аллагад холбоотой гэдэг баримтаар нотолж чадаагүй. Харин 1950-иад онд Лучаногийн гэр бүлийн толгойлогч болоод байхад нь буюу 1957 онд түүнийг Карло Гамбиногийн тушаалаар «цааш нь харуулжээ».
8. – Джозеф Бонанно (1905 - 2002)
Бананно 1905 онд Сицилид төрсөн. 15 настайдаа бүтэн өнчин болсон нэгэн. Муссолинигийн фашист дэглэмийн үед тэр Италийг орхин Кубаар дамжин Америкт иржээ. Удалгүй Маранзаногийн гэр бүлийн гишүүн бол "Жоуи Бананас" гэх хочтой болсон байв. Тэрээр Маранзаногийн гэр бүлийн хувцас, бяслаг, оршуулгын ажиллагааны бизнесийн Италид удирдан зохион байгуулж байгаад баривчлагдан 2002 онд шоронд нас баржээ.
7. – «Голланд эр» Шульц (1902 - 1935)
«Голланд эр» Шульц гэсэн нэрээрээ зартай Артур Флегенхеймер нь 1902 онд Бронкст төрсөн. Мафийн босс Марсел Поффогийн хайртай хүү байв. 17 насандаа хулгайн хэргээр анх удаа шоронгийн хаалга татсан. Синдикатын нөлөө бүхий гишүүн болох гэсэн санаа нь түүнийг Лучано, Капоне зэрэг олон дайсантай болгожээ. 1933 онд түүнийг нэг хэрэг дээр ажиллуулахаар зэхэж байтал тэрээр дур мэдэн бүх зүйлээ орхин Нью-Жерсиг зорьсон байжээ. Харин ор сураггүй хоёр жил болсоны дараа эргэн ирэхэд нь 1935 онд түүнийг Альберт Анастасиагийн бүлгийн гишүүд хороожээ.
6. – Жон Готти (1940 - 2002)
Нью-Йоркийн гангстерууд гэвэл Жон Готтиг нэрлэхгүй бол алдас болно. Тэр 1940 онд Бруклинд төрсөн. Харин 16 нас хүрээд гудамжны "Фултон-Рокауэйгийн залуус" хэмээх гэмт бүлэгт орсон гэдэг. Тэр маш хурдан хугацаанд бүлгийн ахлагч болж 1960-аад онд машины хулгай, орон байрны хулгай хийж байгаад 1970-аад он гэхэд Гамбиногийн гэр бүлийн Бергина бүлгийн загалмайлсан эцгээр тодроод байжээ. Ингэснээр түүний гол эрхлэх ажил нь хар тамхины наймаа болсон байна. Харин гэр бүл түүний энэ үйлдлийг эрс буруутгаж мафийн босс Пол Кастеллано өөрөө түүнийг байгууллагаасаа хөөх саналыг гаргасан гэдэг. Гэтэл 1985 онд Готти болон түүний гар хөл бологсод Кастелланог хөнөөснөөр тэрээр байгууллагын толгойлогч болох нь тэр. Нью-Йоркийн шүүхээс түүнд олон удаа ял тулгасан ч бүх оролдлого нь бүтэлгүйтсэн гэдэг. Гэхдээ 1992 онд түүнийг аллагад буруутган ял оноосон ч 2002 онд ялаа эдэлж байгаад хорт хавдраар нас баржээ.
5. – Мейер Лански (1902 - 1983)
Майер Сачовлянский нь 1902 онд Орост төрсөн. Есөн настайдаа Нью-Йоркт шилжин иржээ. Тэр бүр хүүхэд байхдаа л Чарльз Лучанотой танилцсан гэдэг. Лучано түүнийг хамгаалсаных нь төлөө мөнгө төл гэхэд Лански татгалзжээ. Тэгээд тэд зад зодолдсон хэдий ч тэр өдрөөс хойш үй зайгүй найзууд болсон аж. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Лански Багси Сигалтай танилцав. Ингээд гурван гар найзалж эхлэх нь тэр. Лански болон Сигал, Баг, Мейер дөрөв нэгдэн алдарт Murder, Inc-ийг байгуулсан түүхтэй. Эхэндээ Лански хуурамч мөнгө, мөрийтэй тоглоомоор Флорида, Шинэ Орлеан болон Кубад үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Тэр Сигалын Лас Вегас дахь казиногийн хөрөнгө оруулагч болсон төдийгүй мөнгө угаахдаа ашиглах зорилгоор Швейцарийн нэгэн банкийг худалдан авчээ. Лански нь үндэсний гэмт хэргийн синдикат болон зөвлөлийг байгуулсан хүн гэж гэмт хэргийн ертөнцдөө үнэлэгддэг. Тухайн үед Багси Сигал Синдикатад мөнгө төлөөхөөс татгалзсан тул Лански түүнийг хороожээ. Хэдийгээр дэлхийн мөрийтэй тоглоомын бүх газрыг рекетлэж байсан ч шоронд нэг ч өдрийг өнгөрөөгөөгүй гэдэг.
4. – Фрэнк Костелло (1891 - 1973)
Франческо Кастилья 1891 онд Италид төрсөн. Дөрвөн настайдаа Нэгдсэн улсад ирсэн. 13-тайдаа гэмт хэргийн бүлэглэлд орсноор нэрээ Фрэнк Костелло болгон өөрчилжээ. Шоронд орсноор Чарли Лучанотой найзууд болсон гэдэг. Тэд шоронгоос гараад хамтран бутлегер болон мөрийтэй тоглоомын бизнес эрхлэх болжээ. Костеллогийн хувьд мафийг улс төртэй холбоход их хувь нэмэр оруулсан гэж магтдаг байлаа. Ялангуяа Нью-Йоркт түүний хамтрагч нь Ардчилсан намын нөлөө бүхий гишүүн Таммани Холл байв. Түүний ачаар олон ч хэргээс мултарсан даа. 1950-иад оны дунд үе гэхэд түүний гол дайсан нь Вито Женовезе болсон байжээ. Вито түүнийг хороох гэж нэг биш удаа оролдож байсан ч Фрэнк сайн дураараа тэтгэвэрт гарч 1973 онд хорвоогийн жамаараа нас баржээ.
3. – Карло Гамбино (1902 - 1976)
Карло бол ойролцоогоор 100 жилийн түүхтэй Италийн мафийн гэр бүлд төрж өссөн. Тэрээр аллага үйлдэх тушаалыг бүр 19 настай байхдаа өгдөг болжээ. Муссолинигийн дэглэмийн үед тэр Америк руу цагаачилж Пол Костелланогийн гэр бүлд элсэн орсон байна. Гамбино 1957 онд Лучаног хороон босс болсон Альберт Анастасиаг алах тушаал өгч байсан нэгэн. Анастасиаг алснаас хойш Карло гэр бүлийг толгойлж байгаад 1976 онд өөрийнхөө үхлээр хорвоог орхижээ.
2. – Чарли Лучано (1897 - 1962)
Сальваторе Лючаниа 1897 онд Сицилид төрсөн. Есөн нас хүрснийх нь дараа гэр бүл нь Америкт шилжин иржээ. Удалгүй тэрээр «Таван Цэг» хэмээх бүлэглэлд элсэв. Түүний бүлэглэл үндсэндээ биеэ үнэлэгчдийн бизнес эрхэлж байсан. Ингэхдээ Лучано Манхэттений бүх янхандалтад хяналт тавьж байжээ. Харин 1929 онд болсон нэгэн таагүй ажиллагааны дараа тэрээр үндэсний гэмт хэргийн Синдикатыг байгуулжээ. 1935 онд ямар ч өрсөлдөгчгүй болоод байсан тэрээр «Боссын босс» гэх өргөмжлөлтэй болж зөвхөн Нью-Йорк ч биш бүхэл бүтэн улс орон даяар өөрийн рекет хяналтыг тогтоогоод байсан билээ. Харин 1936 онд түүнд 30-50 жил хүртэл хорих ял оноосон ч биеэ зөв авч явсан, үлгэр жишээ болсон гэж үзээд 1946 онд шоронгоос суллажээ. Лучано Итали руугаа буцжээ. Гэтэл дэлхийн хоёрдугаар дайны үеэр түүний нэр цуу түгэх нь тэр. Америкийн агаарын хүчнийхэн Лучаногоос Италийн газар нутагт онгоцнууд газардах зөвшөөрөл авахад туслахыг хүсэж байсан гэдэг. Тэрээр 1962 онд зүрхний шигдээсээр хорвоог орхижээ.
1. – Аль Капоне (1899 - 1947)
Хэрвээ бүх цаг үеийн номер нэг гангстерийг нэрлэ гэвэл тэр нь мэдээж Аль Капоне байх болно. Альфонс Капоне нь 1899 онд Бруклинд Италийн цагаачийн гэр бүлд төржээ. Өсвөр насандаа «Таван Цэг» байгууллагын гишүүн болсон даруйдаа бүх үйлдлээрээ «онц» гэж үнэлэгдсэн. Тэр цагаас эхлэн Капонег «Сорвит» гэж хочлох болжээ. 1919 онд тэрээр Чикагод ирж Жонни Торриотой ажиллах болсноор гангстер болох гараагаа эхэлсэн гэж үздэг. «Хуурай хууль» хэрэгжиж байх үед аль биеэ үнэлэлт, мөрийтэй тоглоом, бутлегер зэргээр гэмт үйлдлээ хийж байсан юм. 1925 онд 26-хан настай Капоне нь Торрио гэр бүлийн тэргүүн болсноор гэр бүлүүдийн хоорондох дайныг эхлүүлсэн. Харьцааны өндөр соёлтой, дээд боловсролтой нэгэн байж. Гэхдээ түүний маш харгис аллагууд гарч байлаа. 1929 оны Гэгээн Валентины баярын тоглолтын үеэр хэд хэдэн гэмт бүлэглэлийн толгойлогчид алагдсан хэрэг гарч байв. Үүнийг Аль Капонегийн тушаалаар гүйцэтгэсэн гэдэг. 1931 онд түүнийг холбооны татварын алба татвар төлөөгүй гэсэн хэрэгт буруутган баривчилж байлаа.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )