Орчин үеийн Мауглигийн нууц түүх илэрчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 20

Берлиний цагдаагийн газар Рэй хэмээх ойн хүүгийн үнэн түүхийг мэдэж авчээ. Энэхүү түүхийн төгсгөл нь хүмүүсийг гайхшруулсан байна. 8 сарын өмнө хотын захиргаанд ирэн ой тайгад насаараа амьдарч байгаад хүмүүст ойртохоор ирсэн хэмээн ярьж байсан энэ хүү үнэн хэрэгтээ ямар ч Маугли биш байсан нь тогтоогджээ.

Түүнийг Робин гэдэг ба Нидерландаас гаралтай юм байна. Өөрийн нутагт үүссэн таагүй явдлаас зугатахын тулд худлаа ярьж,хууран мэхлэх аргыг сонгожээ.

Өнгөрөгч оны есдүгээр сард өөрийгөө Рэй хэмээн нэрлэсэн залуу Берлин хотын даргын өрөөнд ирэн өрөвдөлтэй түүхээ ярьжээ. Тэрээр ээж нь авто ослоор нас барсны дараа эцэгтэйгээ Германы өмнө зүгийн хаа нэгтээ ойд 5 жил амьдарсан, эцэг нь нас барах үедээ хүүдээ хойд зүгийг чиглээд явахыг зөвлөснөөр Берлинд хүрч ирсэн хэмээжээ.

Ингээд цагдаагийн газраас хүүгийн гарал үүслийг тодорхойлохыг бүтэн 8 сарын турш оролдон мухардалд оронгуут фото зургийг нь интернетэд тавин таньж мэдэх хүн байна уу гэсэн утгатай зарлал тавьсны маргааш л түүний хэн болохыг мэджээ. Нидерландаас утасдан түүнийг Робин болохыг хэлсэн байна. Тэр даруйд нь цагдаад дуудан түүнийг ямар ч Рэй биш, харин Нидерландын иргэн Робин болохыг хэлтэл өмнөөс нь тиймээ, үнэн хэмээн тайвнаар хариулсан гэж цагдаагийн газрын төлөөлөгч Клаус Шуберт өгүүлжээ.

Залууг Германтай хиллэдэг Голландын Хенгело хотод таньсан аж. Уг нь анхнаас нь түүний ойн амьдралын талаар сэжиглэх бүрэн үндэстэй байжээ. Тэрээр ой санамжаа хэсэгчлэн алдсан гэсэн шалтгаанаар аль хавьд ойд амьдарч байсан, эцгийгээ хаана оршуулсан, өөрөө ямар үндэстэн болох, хаанаас гаралтай зэргээ хэлэхгүй байсан ажээ. Мөн гадна төрхийг нь ажиглахад цэвэрхэн шүдтэй, засалт сайтай үстэй, хумс хуруу нь хир дагь болоогүй байсан байна.

Робин хэмээх энэ залуу 20 настай, эцэг эх нь салсны улмаас аав, хойд ээжтэйгээ байнгын зөрчилтэй байсан, найз охин нь жирэмсэлсэн, өрөөний хөлсний 800 еврогийн өртэй болсон зэрэг таагүй явдлуудаас зугатаж, амьдралаа шинээр эхлэхийг оролдон ийм алхам хийхэд хүрчээ. Түүнийг залилангийн хэргээр эрүү үүсгэн шалгаж байгаа аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top