"Их 20" буюу эдийн засгаараа тэргүүлэгч 20 орны төр, засгийн тэргүүн нарын долор дахь удаагийн уулзалт Мексикийн Лос Кабос хотод энэ сарын 18-19-нд болохоор товлогдсон билээ. "Их 20"-ийн бүлэг төрийн тэргүүн нарын уулзалтыг 2008 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрөгч онд Францын Канн хотод уулзах үеэр энэ оны уулзалтыг Мексикт хийхээр товложээ. 20-ийн бүлэг 2008 онд нэг, 2009, 2010 онд тус бүр хоёр удаа уулзжээ. Харин өнгөрөгч оноос жилд нэг удаа уулзаж байхаар тогтсон байна. Түүнчлэн найм дахь удаагийн уулзалтыг ирэх оны есдүгээр сард ОХУ-ын Санкт-Петербург хотод хийхээр төлөвлөжээ. Лос Кабосын уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хүрэлцэн ирсэн бөгөөд энэ нь түүний гурав дахь удаагаа төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойшхи АНУ-ын Ерөнхийлөгчтэй нүүр тулсан анхны тохиолдол болж байгаа юм.
Уулзалтад 19 орны төлөөлөл ирсэн бол 20 дахь орны төлөөллийг Европын холбооны Европын комиссын ерөнхийлөгч Хосе Мануэль Барросо, Европын холбооны Европын зөвлөлийн ерөнхийлөгч Херман Ван Ромпей нар бүрдүүлсэн байна. Харин 19 орны төлөөллөөс ганцхан Сангийн сайд ирсэн нь Саудын Арабын Ибрагим Абдулазиз Аль-Ассаф байв. Уулзалтын хоёр хоногт дэлхийн удирдлагууд голчлон Европын санхүүгийн хямралыг бууруулах, дэлхийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцэх гэнэ. Энэ зуур АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгчид уулзаж, Сири болон Европт байрлуулах НАТО-гийн пуужингийн хамгаалалтын системийн асуудлаар нэлээд халуухан ярилцжээ.
Ажиглагчдын дүгнэснээр Москва, Вашингтоны харилцаанд хамгийн том саад учруулж байгаа Сирийн асуудалд В. Путин урьдын адил хандах аж. Кофи Аннаны төлөвлөгөө бүтэлгүйтэж, Сири дэх хүчирхийлэл даамжирсан ч В. Путин тус улсын хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй, асуудлыг дотоодод нь даатга гэсэн зөвлөмжийг Б.Обамад өгчээ. Мөн Кремлийн эрх баригчдыг бухимдуулаад буй НАТО-гийн пуужингийн хамгаалалтын системийн талаар нэлээд хатуухан үгийг хэлсэн байна. Хэдийгээр В.Путин байр сууриа хамгаалсан ч АНУ-тай харилцах ОХУ-ын уламжлалт харилцааг өөрчлөхгүй, урьдын адил үргэлжлүүлнэ гэж амлажээ. Үүнээс өмнө буюу В.Путиныг гурав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа барууны хэвлэлүүд Москвагийн Вашингтонтай харилцах харилцаанд томоохон өөрчлөлт гарна гэж мэдээлсэн юм.
Э.ТӨГС
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл ( 0 )