Атомын цахилгаан станцыг дахин ашиглахаар боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 20

Өнгөрсөн оны гуравдугаар сарын 11-нд Японд болсон газар хөдлөлтөөс болж Фүкүшима атомын цахилгаан станц саатаж, түүнээс ялгарах хорт туяанд хүмүүс эрүүл мэндээрээ хохирсон билээ. Үүнээс урьдчилан сэргийлж тус улс орон даяар ашиглаж байсан атомын цахилгаан станцын 50 зуухны хамгийн сүүлийнхийг өнгөрөгч сарын 5-ны өдөр хаасан. Ингэснээр нэг ч атомын цахилгаан станц ашигладаггүй орон болсон юм. Гэвч зуны улиралд ганц ч болтугай атомын цахилгаан станцыг дахин ажилд оруулахгүй бол Япон Улс цахилгааны хэрэглээгээ бүрэн хангаж чадахгүйд хүрээд байна. Үүний тулд Фүкүй аймгийн Оой хотын цахилгаан станцыг хамгийн түрүүнд ашиглалтад оруулахаар Засгийн газар болон Кансай дахь атомын цахилгаан станцын удирдлагаас санал гаргасан ч ард иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ.

Учир нь атомын цахилгаан станцыг дахин ашиглавал аюулгүй байдлын 30 шаардлагыг заавал хангах ёстой аж. Харин энэ атомын цахилгаан станцын хувьд 13 шаардлага хангасныг судалгааны багийнхан тогтоосон байна. Гэсэн хэдий ч өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд Ёшихико Нода, Фүкүй аймгийн Засаг дарга Нишикава нар Оой цахилгаан станцыг дахин ашиглах албан бичигт гарын үсэг зурснаар Япон Улс атомын цахилгаан станц ашигладаг орны тоонд буцан орлоо. Уг станцыг бүрэн ажиллагаанд оруулахад зургаан долоо хоног шаардлагатай гэнэ.

Б.ПҮРЭВ-ЭРДЭНЭ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top