Олон улсын анхаарлын төвд байгаа Андерс Брейвик гэгч өнгөрсөн оны долдугаар сард Норвегийн Осло хот дахь Засгийн газрын байрны гадна автомашинд бөмбөг дэлбэлж, 8 хүний аминд хүрч, 209 хүнийг шархдуулсан. Үүний дараа Утойя аралд очиж, тэнд амарч байсан эрх баригч намыг дэмжигч залуучууд руу гал нээж, 69 хүний аминд хүрсэн юм. Түүний гарт амиа алдсан хүмүүсийн 34 нь 14-17 насныхан байсан юм. Норвегийн түүхэнд хар мөрийг үлдээж 77 хүний аминд хүрсэн Андерс Брейвикийг Норвегийн прокурорынхон сэтгэл мэдрэлийн өвчтэй гэж нотолжээ. Тиймээс түүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Шүүх эмнэлгийн анхны судалгаагаар түүнийг шизофрентэй гэж нотолсон боловч давтан шинжилгээ хийхэд гэмт хэрэг үйлдэх үедээ үйлдлээ хянах чадвартай байсан гэх дүгнэлтийг гаргажээ. Хэрэв шүүх Брейвикийг өвчтэй гэж үзвэл сэтгэл мэдрэлийн эмнэлэгт албадан эмчлүүлнэ, харин эрүүл гэж үзэх юм бол 21 жил шоронд хорих юм. Шүүх хуралдаанаар түүний ээж эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалан оролцож чадаагүй бөгөөд Брейвикийн эхийнх нь мэдүүлгийг уншиж танилцуулжээ. Мэдүүлэгт ээж нь хүүгээ сэтгэл мэдрэлийн өвчтэйг баталсан байна. Хүүхэд байхдаа хэвийн сэтгэцтэй байсан ч нас бие гүйцэх үедээ буюу 2006 оноос эхлээд ухаан санаанд нь нэлээд өөрчлөлт гарч эхэлсэн гэжээ.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )