Парагвайн ерөнхийлөгчийг албанаас нь чөлөөлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 25

Парагвайн хууль тогтоогчид Ерөнхийлөгч Фернандо Лугог албанаас нь чөлөөлсөн байна. “Си-Эн-Эн” агентлагийн мэдээлснээр Парагвайн парламентын хоёр танхим зүүний чиг баримтлалтай Ерөнхийлөгч Фернандо Лугог хэл ам дагуулсан хэрэгт холбогдож, шүүхэд дуудагдсаны дараа буюу өнгөрөгч баасан гаригт хуралдаж дээрх шийдвэрт хүрчээ.

Энэ сарын 15-нд тус улсад фермерүүд болон цагдаа нарын хооронд ширүүн мөргөлдөөн болж, 17 хүн амь үрэгдэж, парламентын дээд, доод танхим уг хэрэгт Ф.Лугог буруутгажээ. Цагдаа нар фермерүүдийг газраас нь хүчээр хөөх гэснээс үүдэлтэй уг мөргөлдөөний үеэр 10 фермер, долоон цагдаа амь үрэгдсэн байна. Хууль тогтоогчид либерал чиг баримжаатай дэд Ерөнхийлөгч Федерико Франког 2013 оны дөрөвдүгээр cap хүртэл Ерөнхийлөгчийг үүргийг түр хамаарагчаар томилжээ. Учир нь 2013 оны дөрөвдүгээр cap тус улсад парламент болон Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ф.Луго шийдвэрийг дагана гэж мэдэгдэхийн зэрэгцээ энэ үйл явдлыг төрийн эргэлттэй адилтгасан байна. Үүнтэй холбогдуулан Өмнөд Америкийн цөөнгүй орон Парагвайгаас Элчин сайдаа татах шийдвэр гаргажээ.

Тэд Фернандо Лугог албан тушаалаас нь чөлөөлснийг эсэргүүцэж ийм шийдвэр гаргасан юм. Түүнчлэн тус улсыг ардчилсан дэглэмийг сэргээхээс нааш Элчин сайдаа буцааж томилохгүй гэсэн байна. Бразилийн Гадаад харилцааны яам “Ерөнхийлөгч Фернандо Лугог албан тушаалаас нь чөлөөлсөнтэй Бразилийн Засгийн газар санал нийлэхгүй. Тиймээс МЕРКОСУР (Өмнөдийн нэгдсэн зах зээл) болон УНАСУР (Өмнөд Америкийн орнуудын холбоо)-ноос Парагвайг хасах асуудлыг холбоонд тавихаар төлөвлөж байна” гэж мэдэгджээ. Үүнээс өмнө Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссефф Парагвайг дээрх хоёр холбооны гишүүнээс түдгэлзүүлнэ гэжээ. Үүний дараа Уругвай, Аргентин мөн Парагвайгаас Элчин сайдаа татсан бөгөөд тус улсын хууль тогтоогчдыг “Ардчилсан дэглэмд бүдүүлгээр халдаж байна” гэжээ.

Аргентиний Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер үүнийг “Төрийн эргэлт. Бүхэлдээ хүлээн зөвшөөршгүй алхам” гэж мэдэгдсэн байна. Мөн “Парагвайн шинэ Засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ. Үүнээс гадна АЛБА (Боливарын эвсэл)-ийн гишүүн Венесуэл, Куба, Боливи, Эквадор, Никарагуа, Донимиканы бүгд найрамдах улс, Барбадос, Сент- Винсент, Гренадийн арлууд, Антигуа, Барбуда Парагвайн нийслэл Аааас Элчин сайдаа татах шийдвэр гаргасан байна. Хэдийгээр Парагвайн иргэд дээрх хэрэгт Засгийн газрыг шүүмжилж байгаа ч Ерөнхийлөгчийг огцруулсныг эсэргүүцэн олон мянгаараа нийслэл хотын гудамж, талбайд жагсч байна. Гэсэн ч сенатчдын зөвлөл хэдийнэ төрийн эрхийг 49 настай Фередико Франкод шилжүүлсэн бөгөөд тэд Ф.Франког Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилж, Ф.Лугог албанаас нь чөлөөлөх асуудлаар санал хураахад 39 нь дэмжиж, дөрөв нь эсрэг санал өгчээ. Харин хоёр сенатч хуралд ирээгүй байна.

Э.Төгс

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top