Сири Туркийн хоёр дахь онгоцыг бууджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 27

Сирийн эрх баригчдын зөвшөөрлөөр тус ул­сын агаарын батлан хамгаалах хүчин Туркийн тагнуулын зориулалттай, байлдааны "Ф-4 Хий үзэгдэл" хэмээх онгоцыг буудан унагасан билээ. Сирийн баруун эргийн ойролцоо Газар дундын тэнгист живсэн уг онгоцны үлдэгдэл болон хоёр нисгэгчийг хайх ажлыг Сири, Туркийн батлан хамгаалах хүчин тус тусдаа явуулж байгаа юм. Эрлийн ажиллагаанд оролцож буй Туркийн онгоцуудын нэг рүү Сирийн тал дахин буудсан байна. Гэхдээ онгоц сөнөөгүй аж. Үүнтэй холбогдуулан Туркийн шадар сайд Бюлент Аринж мэдэгдэл хийж, эрлийн ажиллагаанд иргэний агаарын тээвэр болон аврах зориулалттай нисдэг тэрэг, онгоц оролцож байгаа гэв.

Туркийн Засгийн газар "Ф-4 Хий үзэгдэл" онгоцны ослын дараа НАТО-гийн удирдлагуудыг дуудаж, уулзалт зохион байгуулахыг хүссэн. Тэгвэл саяхан Сири бүс нутагт аюул тарьж байгааг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд сануулж , арга хэмжээ авахыг мөн хүссэн байна. Түүнчлэн Туркийн шадар сайд "Сирийг эдгээр үйлдлийнх нь хариуд заавал шийтгэнэ" гэж мэдэгдлээ. Гэхдээ цэргийн ажиллагаа явуулах эсэх талаар дурдаагүй байна. НАТО-гийн удирдлагууд Туркийн хүсэлтийг хүлээн авснаа мэдэгдэж, "Эвслийн гишүүн 28 орны төлөөлөгчийн уулзалтыг Брюссельд зохион байгуулахаар бэлтгэж байна.

Уулзалтаар үйл ажиллагааны ямар нэгэн төлөвлөгөө батална" гэжээ. Сирийн эрх баригчдын үзэж буйгаар эл уулзалт дээр Турк Сирид цэрэг оруулах асуудлыг хөндөх гэнэ. Үүнтэй холбогдуулан Дамаск "Туркийн "Ф-4 Хий үзэгдэл" онгоцыг Сирийн агаарын орон зайд нэвтэрсэн" гэж мэдэгдэж байна. Харин Туркийн албаныхны мэдэгдсэнээр онгоц Сирийн хилээс нэг миль (1.6 km) хол олон улсын агаарын орон зайд байсан гэнэ. Гэхдээ буудуулсны дараа Сирийн нутаг дэвсгэрт харьяалагддаг Газар дундын тэнгист унажээ. Туркийн тал Сири "Ф-4 Хий үзэгдэл" онгоцны нисгэгчдэд урьдчилж сануулга өгөлгүйгээр шууд буудсан гэдэгт эргэлзэхгүй байгаа аж. Франц, Итали улс энэ хэрэгт Дамаскыг шүүмжилж, ослын дараах болон өмнөх байрлалыг тогтооход саад хийхгүй байхыг уриалжээ.

Э.ТӨГС

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top