Нэг цаг зүрхийг нь салгасан хүүг эмч нар аварчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 28

Волгоград хотод төрөөд арав хонож буй хүүгийн зүрхийг нэг цаг салгаж аван, маш хүнд мэс заслыг эмч нар түүнд хийжээ.

Хүүгийн ээж Людмила Седых долоон сартай жирэмсэн байхдаа удахгүй төрөх хүүгээ зүрхний согогтой болохыг мэдсэн байна. Цусны эргэлтийн үндсэн ажлыг гүйцэтгэдэг зүрхний зүүн тал дутуу хөгжилтэй болох нь илэрчээ. Кардиологийн төвийн эмч нар хүүд энэхүү хүнд мэс ажилбарыг хийхийг зөвшөөрөн төрөнгүүт нь авч явсан байна.

Иймэрхүү оноштой төрсөн хүүхдүүд цусны эргэлтийн саатлаас шалтгаалан хэдэн цаг ч амьдарч чаддаггүй ажээ. Хүүг аврахын тулд маш яаралтай хагалгаа хийх шаардлагатай байсан боловч дөнгөж төрсөн хүүхэд ачаалал даах боломжгүй тул асар хүчтэй бэлдмэлийн тусламжтайгаар арав хоног амьдруулан мэс засал хийх боломжит хугацаанд хүргэсэн байна.

10 хоногийн дараа хүүд бүтэн долоон цаг үргэлжилсэн хүнд хагалгааг хийжээ. Энэ үед гэмтэлтэй клапаныг сэргээхийн тулд хүүгийн зүрхийг бүтэн цаг салгасан аж. Мэс заслын явцад бяцхан хүүгийн биеийн температур 18 градус болтол буурч байсан байна. Мэс ажилбарыг Волгоградын зүрхний мэс заслын эмч Роман Гаврилов, Валерий Начинкин нар гүйцэтгэжээ.

Хүүгийн бие одоогоор хэвийн байдалдаа ороод байгаа аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top