Уралд алга болсон АН-2 онгоцны эрэлд зөн билэгтнүүдийг дайчилж эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 03

Серов хотын нисэх буудлаас зургаадугаар сарын 11-ны орой нисээд алга болсон “царцаа ногооныг” 21 дэх өдрөө хайж байна. Агаараас 247 мянган квадрат километр буюу 6 Швейцарийн газар нутагтай тэнцэхүйц, явган хайгчид 1117 кв.км буюу Мальта арлаас 4 дахин том хэмжээний хайлт хийгээд ямар ч ул мөр олж чадаагүй байна.

Уралинформбюро мэдээлснээр Свердловск муж энэхүү онгоцны эрэлд 13.6 сая рубль зарцуулаад байгаа аж.

Иймэрхүү тохиолдолд эрлийг 10 өдрийн дараа зогсоох журамтай байдаг ч орон нутгийн засаг захиргааны зүгээс онгоцны ул мөрийг ямар ч байсан олно хэмээн хатуу шийдсэн байна.

Сүүлд ирсэн мэдээгээр сансрын хиймэл дагуулын зураг авалтаар хөвч тайгад хайлт хийж эхэлжээ. Алга болсон “царцаа ногооны” байх боломжтой газруудын зураг “Космоснимки-АН-2” хэмээх нээлттэй веб-портал сайтад тавигдан, тус хуудсаар зочлогсод өөрсдийн санал бодол, таамаг дүгнэлтүүдийг нийтэлж болох аж.

Эдгээр мэдээллүүдийг эрлийн хэсэгт ажиллаж буй тусгай мэргэжилтнүүдэд дамжуулан анализ хийн цаашдын хайх санаандаа тусгах зорилготой юм байна.

Саяхан эрлийн 20 дахь өдрөөс эхлэн хайх ажиллагаанд зөвхөн орчин үеийн техник хэрэглээд зогсохгүй, зөн билэгтнүүдийн хүчийг дайчлахаар шийджээ. Далдыг харагчид хоёр цэгийг нэрлэсэн ба эрлийн хэсгийнхэн тийшээ хөдөлсөн байна.

Д.Мигаа  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top