Зургаан метрийн урттай матар гиннесийн номонд бичигдэв

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 04

Филиппиний Бунаван хотод амьдардаг Лолонг хочит байгальдаа, биш хүний хараа, хяналтан дор амьдардаг энэ төрлийн хамгийн урт матар хэмээн Гиннесийн дээд амжилтын номонд бичигджээ. Лолонгийн урт нь зургаан метр 17 сантиметр юм байна.Тиймээс Лолонг урд нь хамгийн урт матарт тооцогдож байсан Кассиус Клей матрын амжилтыг эвдэж, байрыг нь “булаажээ”.

 Өдгөө 101 настай Кассиус Австралийн матрын хүрээлэнд амьдардаг бөгөөд таван метр 49 сантиметр урттайгаараа өнгөрсөн жил дээд амжилтын номонд бүртгэгдэж байсан аж. Түүнчлэн тухайн үед Лолонг дээд амжилтын эзнээр бүртгүүлж болох байсан ч Гиннесийн амжилт бүртгэгч түүнийг бүртгэхээс татгалзсан гэнэ. Учир нь Кассиусын уртын амжилтыг бүртгэх үед Лолонг байгальдаа биш хүний хараа хяналтан дор амьдардаг матар гэж албан ёсоор тооцогдоогүй, ердөө дөнгөж баригдаад тусгайлан бэлдсэн газарт нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажил нь хийгдэж байсан юм байна.
Хэд хэдэн удаа хүмүүс рүү дайрсан гэгддэг зургаан метр урттай Лолонг одоо Бунаван дахь хүрээлэнд амьдарч байгаа бөгөөд энэ хүрээлэн рүү цувах жуулчдын хөл татрахгүй байгаа гэнэ. Хотын дарга Эдвин Элоре Лолонгийн уртын амжилтыг дээд амжилтын номонд бүртгэсэнд нэг талаар баяртай байгаа ч нөгөө талаас санаа зовних зүйл бишгүй байгаа гэнэ. Учир нь Лолонгоос ч хамаагүй урт, том матрууд Филиппиний усан санд олноор байдаг, хүн амд аюул учруулж болох юм гэдэг дээр хотын дарга санаа зовниж байгаа аж.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top