Н.Манделагийн охин Элчин сайдаар томилогдов

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 06

Өмнөд Африкийн Ерөн­хийлөгч асан, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахтай тэмцэгч Нельсон Манделагийн охин Зенани Мандела Дламини Аргентинд суух Өмнөд Африкийн Элчин сайдаар томилогджээ. Зенани нь Н.Манделагийн хоёр дахь эхнэр Винни Мадикизелагаас төрсөн бөгөөд өдгөө 53 настай аж. Өсвөр наснаасаа эхлэн эцэг Н.Манделаг дагаж олны танил болсон тэрбээр АНУ-ын Бостоны их сургуулийг төгсчээ. Мөн 1973 онд Свазиландын хаан III Мсватийн ах хунтайж Тумбумузи Дламинитай гэрлэсэн байна.

Аргентиний Засгийн газар Зенаниг тус улсад суух Элчин сайдаар томилсонд Өмнөд Африкийн Засгийн газарт талархаж буйгаа илэрхийлж, энэ томилгоо хоёр орны харилцааг улам бүр ойртуулна гэж мэдэгджээ. Түүнчлэн хоёр орны худалдааг өргөжүүлэх хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн байна. Эл хоёр орны худалдаа өнгөрөгч онд 1.3 тэрбум орчим ам.долларт хүрчээ.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top