Факт: Путины гэрлэх санал гэнэтийнх байжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 09

Одоогоос яг 25 жилийн тэртээ цэл залуухан Людмила Шкребнева болон Владимир Путин нар Санкт-Петербургийн Петр Лавровын гудамжинд оршин суудаг байсан хаягийнхаа дагуу гэр бүлийн товчоонд бүртгүүлжээ. Түүнээс хойш уг гудамжны нэр хоёр ч удаа өөрчлөгдөж. ЗХУ ч тарж. Нэг үгээр хэлбэл тэд хөгширч эхэлжээ.

 

Гэрлэх санал санаадгүй байсан

Путины хуримын урилгыг хүлээн авсан хүмүүс бүгд санаанд оромгүй явдал болж байна хэмээн дуу алдаж байлаа. Түүний сүйт бүсгүй нь ч тэр мэдээг сонсоод бүр гайхширч хоцорчээ. Тэд танилцаад гурван жил хагас үерхсэн байна. Эхэндээ Людмила онгоцны үйлчлэгч байсан тул бараг өдөр алгасахгүй л Санкт-Петербург, Калининград хотын хооронд цаг завгүй ниснэ. Дараа нь тэр Ленинградын Их сургуульд элсэн орж нийтийн байранд амьдрах болжээ.

–Би бол тэдний анхны дурлалын романы гэрч шүү. Володъя надтай хамт Ленсоветын театрт очиж Людатай анх удаа болзож байсан хэмээн нэрт хийлч Сергей Ролдугин яриагаа эхэлжээ. Тэрээр Путины охин Машагийнх нь загалмайлсан эцэг гэнэ.

Сергей цааш нь: -Дараа нь бид миний найз бүсгүйтэй дөрвүүлээ их сайн найз хосууд болцгоосон. Амралтын өдрүүдээ байнга хамт өнгөрүүлдэг байлаа. Гэхдээ хурим хүртлээ тэр хоёрт хамт амьдрах боломж байгаагүй юм. Ээж нь Людаг гэрлэнэ гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй байсан. Харин Люда хэн нэгэнтэй гэрлэх болоогүй гэдэг байсан ч Путинтэй бол гэрлэхийг зөвшөөрнө гэж дандаа ярьдаг байж билээ. Путин өөрийн шаналлаа хэнд ч ярьдаггүй залуу байв. Надад ч гэсэн. Тэр зөвхөн өөрийн шийдвэрээ л гаргана. Тэр уг нь карьераа хөөнө, мэргэжилдээ амжилт гаргана гээд хуримын талаар огт дурсдаггүй байж билээ хэмээжээ. Гэтэл амьдрал Володъягийн төлөвлөснөөр болоогүй. Тэрээр хуримаа хийснийхээ дараа шууд Москвад нэг жил ажиллахаар явах байжээ. Гэтэл хэсэг хугацааны дараа түүнийг Германд ажиллуулахаар томилсон аж. Тэр мөчийг хүртэл Путин хуримынхаа төлөвлөгөөний талаар тас нууцалсаар байсан гэдэг.

 

Людмила хуримын даашинзаа өөрөө оёсон

Хурим 1987.07.28-ны өдрийн үд дундад болох байлаа. Цаг дөхөхөд Налична гудамжин дахь  Ролдугины гэрийн гадаа өнгө өнгийн туузар чимэглэсэн, албаны хар өнгийн Волга иржээ. Тэр машины арын суудалд сүйт залуу, бүсгүй хоёр суужээ. Хуримын ёслолд Путины хувийн "Жигули" ч оролцжээ.

–Эхнэр бид хоёр гэр бүлийн товчооноос холгүй амьдардаг байсан юм. Тэгсэн тэр хоёр бүртгүүлэхээсээ өмнө манайхаар зочилъё гэсэн юм билээ. Володъя, Люда хоёр ер нь гэнэтийн шийдвэр гаргах дуртай. Хэнээс ч яах ийхээ асуух тэд дургүй улс. Тэгээд манайд тэд орж ирсний дараа эрчүүд нь нэг өрөөнд, бүсгүйчүүд нөгөө өрөөнд орцгоосон хэмээн Сергейн дурсамж үргэлжилжээ. Түүний анхны эхнэр Ирина Никитина тэр өдрийн талаар дурсахдаа: -Володъя хурим болохоос хэдэн өдрийн өмнөөс сэтгэл нь маш их догдлоод байсан. Тэр өглөө Люда үсчин орж үсээ янзлуулсан. Сэтгэл нь бүр хөдөлчихсөн их баяртай байв. Харин даашинзны хувьд Люда өөрөө материалаа аваад засч янзлан гоёл чимэглэл хийсэн. Бараг өөрөө оёчихсон гэхэд болно доо. Маш гоё харагдаж байсан шүү гэжээ.

Найзуудынх нь гэрчилж байгаагаар ёслолын арга хэмжээнийхээ бүх зардлыг залуу хос өөрсдөөсөө гаргасан гэнэ. Харин хуриманд уригдсан хамаатан садан гэр бүлийнхэн нь тэдэнд зөвхөн байр авахад нь хандивлан дугтуйтай мөнгө л өгч байжээ.

Тэгвэл өдгөө Фурштатскийн /хуучнаар Петр Лавров/ гудамжин дахь гэр бүлийн товчоо өдөр болгон цасан цагаан өнгөтэй, хун шувуу мэт чимэглэлтэй лимузингээр хүрээлүүлэн байдаг болжээ. Тэнд нь ОХУ-ын Ерөнхийлөгч асан өнөөгийн Ерөнхий сайд нь гэр бүлээ батлуулсан болохоор тэр шүү дээ. Владимир Владимировичийн хуримын гэрч нь нэг курсын анд Виктор Хмарин байжээ.

 

“Корюшка”-д Лещенкогийн дуун дор баахан бүжиглэв

“Корюшка” хэмээх ресторан тэр үеийн нэрээрээ Дэслэгч Шмидтийн гүүрний дэргэд байрлаж байж. Яг голын эрэг дээр. 

–Тэгээд Путины хуримын үдэшлэг энд болсон юм уу? хэмээн одоогийн рестораных нь зөөгч сурвалжлагчийг Сергейн хамт очиход мэл гайхжээ. Одоо ч тэндээс жуулчид болон Путины дэмжигчид салахгүй байх даа хэмээн тэр хоёр ярьж явжээ. Гэрлэлтээ бүртгүүлээд хосууд хотоор баахан зугаалж. Дараа нь Дэслэгч Шмидтийн гүүрэн дээр ирсэн байна. Путины "ангижав" Владислав Копыловын хэлснээр сүйт бүсгүй өөрөө энэ газрыг сонгосон гэнэ.

–Тэнд бид хааяа нэг охидтой очиж суудаг байсан. Үнэ нь арай гайгүй болохоор тэр шүү дээ. Хоол амттай. Хуриманд оролцсон гэх 20 орчим хүн “Корюшка”-д ирсэн байсан. Багахан тайзан дээр нь нэг ансамбль амьд хөгжмөөр тоглож байлаа. Тухайн үедээ л моодонд орж байсан Лещенко, Леонтьев, Пугачевагийн дуунуудаас... Бид зад бүжиглэсэн дээ хэмээн Владислав хуримын анхны өдрийн үдэшлэгийг дурсав.

–Ширээн дээр хэдэн төрлийн хиам, цагаан, улаан загас, дарс, архи гээд бүгд байсан. Гэхдээ тэдгээрийг Володъягийн ажлынхан буюу КГБ-гийнхэн урьдаас бэлтгэчихсэн байсан л даа. Түүнээс биш тухайн үед чинь Орос орон маань тарчигхан байлаа шүү дээ. Володъя нэг их уугаагүй. Харин сэтгэл санаа нь өндөр, байнга л инээдтэй юм ярьж хөгжилдөж байлаа. Сүйт бүсгүй бид хэд хүссэн архи дарсаа уусан. Соёлтой байсан шүү. Тэгээд орой болсон хойно бид Володъягийн эцэг эхийн гэрт ирсэн. Тэр хоёр 12*2м өрөөнд л амьдардаг байлаа шүү дээ гэж тэрээр яриагаа үргэлжлүүлжээ. Тэд бал сараа Украинаар өөрийн “Жигули”-гээр аялан өнгөрүүлжээ.

 

Төрийн тэргүүнүүдийн хуримын дээд амжилт:

Франклин, Элеонора Рузвельт — 40 жил

Елизавета II, Эдинбургийн хунтайж Филипп — 61

Борис, Наина Ельцина — 51

Хельмут, Ханнелоре Коль — 41

Никита Хрущев, Нина Кухарчук — 47

Леонид, Виктория Брежнева — 55

Михаил, Раиса Горбачева — 46

 

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top