Олимпын үеэр халдлага хийх гэж байсан этгээдийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 09

Энэ сарын сүүлээр Лондон хотноо зуны Олимп эхэлнэ. Үүнтэй холбогдуулан цагдаа нар аюулгүй байдлыг хангах үүднээс хараа хяналтаа чангатгаад байгаа. Харин өчигдөр цагдаа нар 24 настай лалын шашинтан залууг Олимпын үеэр халдлага үйлдэхээр бэлтгэсэн хэрэгт баривчилжээ. Орон нутгийн хэвлэлд дурдсанаар хориг тавьсаар байхад гэмт этгээд Лондон хотын төвд байрлах Олимпын цэцэрлэгт хүрээлэн рүү таван удаа галт тэргээр нэвтэрсэн зөрчил гаргажээ.

Их Британийн хууль сахиулагчид түүнийг урьд нь өөр таван хүний хамт алан хядах ажиллагаанд оролцсон гэж сэжиглэж байжээ. Тиймээс түүнд тусгай бугуйвч зүүлгэсэн. Энэ нь түүнийг хаана явж буйг хууль сахиулагчдад мэдээлэх цахилгаан төхөөрөмж юм. Мөн түүнийг хот хооронд явах хүмүүстэй харилцаа холбоо тогтоох, компьютер ашиглах зэрэгт хориг тавьсан гэнэ. Лондонгийн цагдаагийн байгууллагын мэдээлснээр гэмт этгээд нь “Аль-Кайда” бүлгийнхэнтэй нягт холбоотой байдаг Сомалийн “Шебаб” хэмээх алан хядах ажиллагаа явуулдаг бүлгийн гишүүн аж.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top