Цэрэг Райаныг аварсан нь
Төрөл: тулаан
Найруулагч: Стивен Спилберг
Кино зохиол: Роберт Родат
Гол дүрд: Том Хэнкс, Эдвард Бернс, Вин Дизель, Том Сайзмор
Зураглаач: Януш Камински
Хөгжмийн зохиолч: Жон Уиллиамс
Студи: Paramount Pictures
Хугацаа: 170 мин
Төсөв: 70 сая ам.доллар
Улс: АНУ
Бүтээсэн он: 1998
Дэлхийн II дайны үеэр холбооны дайчид Нормандын эрэг дээр газарддаг тэрхүү баатарлаг үйл явдлыг харуулсан “Цэрэг Райаныг аварсан нь” киног нэрт найруулагч Стивен Спилберг 1998 онд бүтээсэн бөгөөд “Оскар”-ын шагналыг шилдэг найруулагч, шилдэг зохиол, зураглаачийн ажил, дуу болон дууны эффект зэрэг таван төрлөөр хүртсэн билээ.
Үйл явдал:
Дайн хүнд өдрүүдийн үеэр АНУ-ын цэргийн дзепартаментад нэгэн гэр бүл ах дүү гурван хүү нэг өдрийн дотор зэрэг амиа алдсан талаарх мэдээллийг хүлээн авна. Ингээд хөвгүүдээ алдан зовж шаналсан эхийн сэтгэлийг тайвшруулж ядаж цорын ганц амьд үлдээд байгаа бага хүү цэрэг Жеймс Фрэнсис Райаныг эх оронд нь гэрт амьд эргүүлэн авчрах тушаалыг генерал Жорж Маршал өглөө. Райан нь 101-р агаарын десантын дайчин бөгөөд тухайн үед Францын эрэг орчим тулаанд оролцож байв. Гэтэл тэр үед даалгавар биелүүлэхээр явсан шүхэрчдийн ихэнх төлөвлөсөн газартаа бус огт өөр бүсэд газардсан нь байдлыг улам ээдрээтэй болгодог.
Нормандад газардах үедээ маш их гарз хохирол амсаж олон цэрэг дайчдаа алдсан рейнжерүүдийн II батальоны ротын захирагч ахмад Жон Миллер /Том Хэнкс/-т Райаныг олж штабт авчрах үүрэг оногдлоо. Ингээд Миллер өөрийн ротоосоо Өмнөд Африкт болон Италид мөр зэрэгцэн тулалдаж явсан, туршлага ихтэй, итгэлт дайчин Майкл Хорват /Том Сайзмор/-аар ахлуулсан хэсэг цэргийн хамт даалгавар биелүүлэхээр замд гарна. Гэхдээ түүний сонгосон отрядын бүрэлдэхүүнд франц болон немц хэл мэдэх хүн байхгүй байсан тул өмнө нь нэг удаа тулаан оролцож байгаагүй түрүүч Тимоти Апхэм /Жереми Дэвис/-ийг команддаа авах болно. Эрлийн ажил эхлээд тэд эхний хотод Райаныг хайн ирэх үеэр мэргэн буудагчийн суманд байлдагч Адриан Копарзо /Вин Дизель/ амиа алдав. Гэтэл тус хотод дайтаж буй Райан гэгэч дайчныг тэд эрлийн эзэн байна гэж бодсон хэдий ч тэр нь овог нэгт байсныг мэдэх болно. Харин аврах ёстой жинхэнэ цэрэг Райан нь нэгэн офицерын тушаалаар Мардер голын эрэг дээрх оршдог, агаарын десантын хамгийн түшэц газарт тооцогдох Раммель хотын гүүрийг хамгаалахаар холгүй байгаа талаар мэдээлэл авах ажээ.
Тус хотод хүрэх замд немецийн агаарын дайралтын радар байрласан хориглолтын орчимд 82–р агаарын десантын байлдагчдын цогцос байхтай тааралдана. Энэ замаар явсан хэн ч гэсэн энэхүү пулеметын бэхлэлтийг дайран өнгөрөх байсан тул Миллер араас ирэх нөхдөдөө зам засч өгөх үүднээс тийшээ дайрахаар шийднэ. Тулааны үеэр пулеметыг устгасан хэдий ч эмч Ирвин Уэйд /Жованни Рибизи/ хүнд шархдсаны улмаас хэдхэн минутын дараа нас барах болно.
… Эрлийн аврах отряд Раммель хотод ирэхэд цэрэг Райан /Мэтт Деймон/ тэнд байсан бөгөөд тэр үхлийн өмнө журамт дайчин нөхдөө орхин ар тал руу буцахыг огт хүсэхгүй байжээ. Ингэснээр Миллер найз Хорватынхаа санал болгосноор гүүрийг хамгаалах ажлын удирдахаар боллоо. Хэдэн цагийн дараа гэхэд өөр явагч их буу болон “Тигр” танкаар халхлуулсан 50 орчим немец хотод орж ирнэ. Ширүүн тулааны явцад Миллер болон цэрэг Меллиш /Адам Голдберг/, мэргэн буудагч Жексон /Барри Пеппер/ нар амьд үлдсэн бөгөөд тэд дараагийн бэхлэлт рүү гүүрний нөгөө талд байгаа хэсэг нөхөд дээрээ очжээ…
Киноны оргил хэсэг… Хэрвээ үзэхийг хүсэгчид байвал төгсгөлийг нь дэлгэцнээс харсан “амттай” байх аа. Үзсэн нэгэн нь үзээгүйдээ хэлээд өгөөрэй. Үнэхээр Дэлхийн II дайн тэр дундаа Францын Нормандад Америк болон холбооны хүчнийхэн хэрхэн эрэлхгээр тулалдан энэ дайныг дуусгахад ямар том үүрэг гүйцэтгэсэн үйл явдлын бодит түүхийн нэгээхэн хэсгийг та энэ киноноос үзэж бас мэдрэх болно.
Сонирхолтой факт:
-Киноны эрэг дээр буудаг, пулеметын шүршилт, Раммель хотыг хамгаалах тулааны хэсгүүд нь Conker's Bad Fur Day, Commandos 3:Road to Berlin, Call of Duty, Company of Heroes, Medal of Honor зэрэг компьютерын тоглоомонд гардаг.
-Өвгөө маш ховор үлдээд байгаа немецийн “Тигр” танкийг “Т-34” танкний суурин дээр үндэслэн жинхэн эх хувь болгон бүтээж зураг авалтанд ашигласан.
-Гар хөлөө тайруулсан цэргүүд гардаг сценид жинхэнэ тахир дутуу хүмүүсийг урин тоглуулсан ажээ.
-Байлдаан, тулаан бүхий киноны гол үйл явдлын зураг авалтыг Их Британи, Ирландын газар нутагт авчээ. Гэхдээ Британийн засгийн газар өөрийн армийн бие бүрэлдэхүүнийг зураг авалтанд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргаад байсан тул Спилберг Ирландаас 250 цэрэг эрс авчрахад хүрчээ.
-Стивен Спилберг “Эрэлхэг тулаан” киног үзсэнийхээ дараа Мэтт Деймоныг төсөлдөө оруулах гэсэн бодлоо өөрчлөөд байжээ. Гэтэл жүжигчин Робин Уиллиамс “Ухаантай Уилл Хантинг” киноны зураг авалтын үеэр найруулагчийг Деймонтой танилцуулснаар тэр бодлоо өөрчилжээ.
-Капарзогийн дүр бол Вин Дизельд тусгайлан зориулж бичсэн байжээ. Киноны дараа Спилберг түүнийг жинхэнэ кино урлагт хөл тавих боломжуудаар хангаж өгчээ.
-Найруулагчийн хувьд тухайн цаг үед өнгөт телевиз байгаагүй гэдэг үүднээс хальсны өнгийг 60%-иар бууруулаад байсан тул Америкийн нэр хүндтэй Direct TV болон Dish хэмээх кабелийн сувгууд эхний сеансыг гаргасны дараа киног жинхэнэ бодит өнгөөр нь дахин бичиж өгөхийг хүчжээ.
-Кино нь Дэлхийн II дайны үед ах дүү Ниланд нарт тохиодсон үйл явдлаас сэдэвлэн бүтээгдсэн
-Дайнд оролцсон олон зуун ахмад дайчид өөрсдийнх нь баатарлаг үйл хэргийг үнэн бодит байдалд тун ойрхон хэлбэрээр дэлхий нийтэд харуулсанд нь талархлаа илэрхийлжээ. Үнэхээр тэд л найруулагчид үйл явдлыг бодит мэт харагдуулах үнэн түүхийн талаар олон зөвлөгөө өгсөн гэдэг.
-Хэт их хүчирхийллийг харуулсан байна хэмээн Энэтхэгийн кино прокатууд энэ киног ард иргэддээ үзүүлэхийг хориглож байлаа. Үүнтэй холбоотой тэдний зүгээс Спилбергийг хамгийн их хүчирхийлэл гардаг хэсгийг хассан хувилбарыг нийлүүлэхийг шаардаж байв. Гэхдээ Спильберг бодит түүхийг харуулсан бүтээлээ хэзээ ч хэн нэгний хүсэлт, шаардлагаар дахин задалж эвдэхгүй гэсэн хатуу хариуг тэдэнд өгчээ. Гэтэл Энэтхэгийн ерөнхий сайд өөрийн биеэр бүтээлийг үзсэнийхээ дараа киног эх орондоо ямар нэгэн хувилбаргүйгээр бүрэн эхээр нь үзүүлэх шийдвэрийг гаргасан гэдэг.
Стивен Аллан Спилберг
Төрсөн өдөр: 1946.12.18
Төрсөн газар: Цинциннати. Огайо. АНУ
Мэргэжил: кино найруулагч
Карьер: 1959 оноос
Шагнал: “Оскар”/1994, 1999/ “Алтан бөмбөрцөг” /1983, 1994, 1999/ BAFTA /1993/
Факт:
-Тэр ангийнхаа цорын ганц еврей хүүхэд байсан.
-Найман настай байхад нь төрсөн өдрөөр нь эцэг нь 8мм кино-камер бэлэглэсэн. Тэр өдрөөс эхлэн үеийнх нь хүүхдүүд түүнийг “камертай хүн” хэмээн хочлох болжээ.
-10 настайдаа анхны богино хэмжээний киногоо хийж эхэлсэн бөгөөд нэг удаа жимсний шүүс ашиглан бүр аймшгийн кино хийж ч үзсэн байна.
-12 нас хүрэхэд тэрээр коллежид сурахын зэрэгцээ анх удаа залуу кино сонирхогчдын уралдаанд оролцоод үзэв.
-Ийм төрлийн уралдаанд түрүүлсэн анхны кино нь 40 минут үргэлжлэх “Зугатах газаргүй” /1960/ юм.
-Калифорнид шилжэн ирсний дараа Спилберг Өмнөд Калифорнийн Их сургуульд орж чадалгүй Техникийн коллежэд оржээ. Гэхдээ тэр нэгэн амралтын үеэрээ 20 минутын “Эмблин” хэмээх киног хийсэн нь их киноны талбар хийсэн эхний үсрэлт болов.
-1969 онд Universal Pictures компани “Эмблин”-ийг үзсэний дараа залуу найруулагчийг “Шөнийн урлан” хэмээх цуврал дээрээ ажиллуулахаар болжээ.
-Спилбергийн их киноны ертөнцөд зориулан хийсэн дебют бүтээл нь “Шугерлэндскийн экспресс” юм.
-1975 онд хийсэн “Челюсти” кино нь тухайн үед олсон 260 сая ам. долларын ашгаараа кино прокатын гуравт бичигдэж байлаа.
-Спилберг алдарт Индиан Жонсын адал явдалт цувралаа 1981 оноос эхлүүлсэн.
-1991.10.12-нд тэр үедээ залуу жүжигчинд тооцогдож байсан Кейт Кэпшоутай гэрлэв. Спилберг өмнөх эхнэр Эми Ирвингээс 1989 онд салаад байсан юм.
-1993 оны зун дэлхийн нээлтээ хийсэн “Юрийн галвын цэцэрлэг” тухайн цаг үеийнхээ хамгийн шилдэг, өвөрмөц шийдэл бүхий кино болж чаджээ. Энэ кино зөвхөн кассын орлогоороо гэхэд л нэг тэрбум доллар цуглуулж, хальсны худалдаанаас 500 саяын ашиг олсон билээ.
-Харин Юрийн галвын аварга динозаврын дараагийн анги “Орхигдсон ертөнц” /1997/ дөнгөж 230 саяыг олжээ. Энэ киноны гурав дахь ангийг 2001 онд найруулагч Жо Жонстон бүтээсэн.
Шилдэг кино:
1961-Fighter Squad
1968 -Amblin
1971 -Murder by the Book
1975 -Jaws
1982 -E.T. the Extra-Terrestrial
1984 -Indiana Jones and the Temple of Doom
1987 -Indiana Jones and the Last Crusade
1991 -Hook
1993 Jurassiс Park
1993-Schindler’s List
1997 -The Lost World: Jurassic Park
1998 -Saving Private Ryan
2002 -Minority Report
2002 -Catch Me If You Can
2005 -War of the Worlds
2005 -Munich
2008 -Fourth Installment of the Indiana Jones Adventures
2009 -Lincoln
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )