Бээжингийн метронд хүн барьцаалжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 20

Xinhua агентлаг мэдээлснээр Бээжингийн нэгэн метроны станц дээр хэв журам сахиулах албаны ажилтан бүсгүйг барьцаалсан хэрэг гарч, хутгаар зэвсэглэсэн тэрхүү этгээдийг Хятадын цагдаа нар буудан хороожээ.

Бээжингийн аюулаас хамгаалах албанд шуурхай дуудлага ирснээр цагдаа нар хэргийн газарт очсон байна. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд барьцаалагчтай хэлэлцээр хийхийг нэг цаг гаруй оролдсон боловч амжилтанд хүрээгүй аж.

Хэлэлцээ хийхийг оролдож байсан цагдаагийн ажилтан барьцаанд буй бүсгүйг өөрөөрөө солихыг хүссэн боловч нөгөө этгээд татгалзсан байна.

Ингээд бүсгүй хутганы шарх авч эхлэнгүүт цагдаагийн тусгай албаны мэргэн бууч гал нээсэн аж. Барьцаанд байсан эмэгтэйг аварч чадсан ба харин барьцаалагч шархны улмаас газар дээрээ нас барсан байна.

Хэрэгтний хэн байсан талаар шалган тогтоох ажиллагаа явагдаж байгаа аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top