Эртний хот олжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 30

Хятадын археологчид сүүлийн саруудад “олз омог” ихтэй байна. Тэд хэдэн сарын өмнө Хойд Солонгостой хиллэдэг нутгаасаа эртний хотын туурь олсон ажээ. Ус хадгалах сувгийг сэргээж байхад янз бүрийн эд өлгийн зүйл гарч ирсэн байна. Энэ тухай сонссон археологчид тэр даруй тэнд очиж малталт хийжээ. Тэгтэл эртний хотын туурь гарч ирсэн байна. Туурийн чулууг судлаад эрдэмтэд энэ хот хоёр мянган жилийн настай юм байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хан гүрний үед байгуулагдсан тус хотыг судлах ажил одоо эрчимтэй өрнөж байна. Иймэрхүү олдвор тэгтлээ шуугиан дэгдээгээд байдаггүй. Харин энэ хотын туурь Хятад, Хойд Солонгосын хооронд маргаан үүсгэхээр болжээ. “Синьхуа” агентлагын мэдээлснээр бол тэр үед энэ хот болон ойролцоохь газруудад Солонгосын Когурио хаант улс оршин тогтнож байжээ. Үүний нотолгоо нь солонгос зан үйлийн дагуу үйлдсэн олон оршуулга тэндээс илэрчээ. Хотоос 17 км зайтай газарт хоёр мянга гаруй булш илэрсэн байна. Түүхчид Когурио хаант улсын үед Солонгос ихэд хүчирхэгжсэн гэж ярьдаг. Гэтэл 2004 онд гарсан түүхийн сурах бичигт энэ хаант улсыг Хятадын нэг хэсэг байсан гэж тодорхойлжээ. Үүнээс болж багагүй маргаан дэгдэж байсан юм. Харин түүхийн баримттай судалгаагаар асуудлыг шийдье гэсэн харилцан ойлголтод хүрснээр маргаан түр намжаад байжээ. Тэгвэл одоо маргаан дахиад л эхлэх болж байна. Хятадын археологчид болохоор энэ бол хятад хүмүүсийн булш гэсэн бол солонгосууд энэ бол манай өвгөдийн хот гэж мэтгэж байгаа гэнэ. Дайран дээр давс гэгчээр энэ маргаантай асуудалд өмнөд солонгосууд ч ороод ирж. Тэд ч энэ бол манай өвөг дээдэс гэж булаалдаж байна. Түүгээр зогсохгүй эртний хот олдсон Ханьшаны нэрийг өөрчлөн нэрлэжээ. Нэгэнт ийм маргаан гарсан тул археологийн малталтыг хамтран хийж үл ойлголцолд цэг тавих хятадуудын саналыг солонгосууд хэрхэн хүлээж авах нь тодорхойгүй хэвээр байна. Магадгүй жижиг юм шиг боловч энэ асуудап аажимдаа хилийн маргаан болж хувирахыг хэн ч үгүйсгэж чадахгүй байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top