Өргөдлийн байнгын хорооны анхны хуралдаан боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 08

УИХ-ын бүтцэд шинээр байгуулагдсан Өргөдлийн байнгын хороо /ӨБХ/ өнөөдөр анхны хуралдаанаа хийж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

        Эн түрүүнд тус байнгын хороо байгуулагдсанаас хойш буюу 8-р сарын 17-ноос 11 дүгээр сарын 7-ныг хүртэл 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг байнгын хорооны дарга Р.Бурмаа танилцуулав. Тэрбээр шинэ парламент бүрдсэнээр УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын байнгын хороо, гишүүдэд ирсэн өргөдөл, гомдлыг судалж шийдвэрлэх үүрэг бүхий ӨБХ байгуулан 14 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллах хугацаанд хийсэн ажил, шинэ тутам байгуулагдсан бүтцэд учирч буй бэрхшээлээс танилцуулж, түүнийг шийдвэрлэх арга замын талаар тодорхой санал дэвшүүллээ. Тус хорооны ажлын албаны 3 хүн одоогоор сард 400 орчим өргөдөл гомдол хүлээн авч, тэдгээрийг бүртгэх, ангилах зэргээр гол төлөв захиргааны чиглэлэлийн ажил хийж байгаа, өргөдлүүдийг шинжилж үзэхэд УИХ-ын үйл ажиллагааны хүрээнд хамаарахгүй хувийн чанартай хүсэлт нийт өргөдлийн 90 хувийг эзэлж байгаагийн дээр цаашид тоо нь олширч сард 500-гаар тоологдох магадлалтай байгаа учир байнгын хорооныхоо үйл ажиллагааг бэхжүүлэхийн тулд ажлын албыг 15-20 хүнтэй болгон өргөтгөх, ажилтнуудаа гадаад, дотоодын сургалтанд хамруулан боловсруулах, иргэдээс хүлээн авсан өргөдөлтэй холбоотойгоор олон нийтийн хэлэлцүүлэг зохиох өрөө танхим, цаасан өргөдлөөс гадна цахим хэлбэрээр ирсэн өргөдлийг хянан хэлэлцэх техникийн болон боловсон хүчний  асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа аж. 

Байнгын хорооны танилцуулгын дараа тус хорооны зөвлөх А.Сарангэрэл хорооныхоо дүрмийн төслийг боловсруулах талаар хийж буй ажил болон уг төслийг урьдчилсан байдлаар танилцууллаа. Төслийг боловсруулахын тулд 3 төрлийн судалгаа хийсний дотор ӨБХ байгуулагдахаас өмнө УИХ-аас иргэдийн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэж ирсэн, түүний сул ба давуу тал, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй 400 гаруй хуулиас өргөдөл шийдвэрлэхтэй холбоотой хуулийн заалтуудыг судалж, нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл бэлтгэсэн байна. Үүнээс гадна бусад орны парламент дахь ижил төстэй бүтэц хэрхэн ажилладаг талаар мэдээлэл цуглуулж, 88 орноос ӨБХ-той таван орны туршлагыг нарийвчлан судалжээ. Эдгээр орны парламент дахь ӨБХ нь зөвхөн парламентын бүрэн эрхийн хүрээнд хамаарах өргөдөл гомдлыг хүлээн авч, хянан хэлэлцдэг туршлагад үндэслэн өргөдлүүдийг УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд хамаарах болон хамаарахгүй асуудлаар нь ангилан шийдвэрлэх саналыг дүрмийн төсөлд тусгажээ. Тухайлбал, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулснаар зөвхөн УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд хамаарах өргөдөл дээр 8-12 хүнтэй ажлын алба ажиллаж, бусад өргөдлийг УИХ-ын Тамгын газрын зохих нэгжээр шийдвэрлдүүлэх, эсвэл хуульд өөрчлөлт оруулахгүйгээр ажлын албаныхаа орон тоог 15-20 хүнтэй болгож, бүх өргөдлийг хянан хэлэлцэх гэсэн хоёр хувилбар боловсруулж, энэ хоёр тохиолдолд асуудлыг ямар журмаар шийдвэрлэж болох талаар тодорхой санал дэвшүүлсэн байна.

        Дээрх хоёр танилцуулгатай холбоотойгоор байнгын хорооны гишүүд асуулт, тавьж, саналаа хэлсэн бөгөөд Х.Тэмүүжин гишүүн “УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд хамаарах, хамаарахгүйгээс үл шалтгаалан ӨБХ ирсэн бүх өргөдөлд анализ хийх ёстой. Ямар асуудал гарч байна гэдэг нь хаана, юу болохгүй байгаагийн илрэл. Хүн хүчний боломжгүй бол жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон хүмүүсийн бие төлөөлөгчдийг энэ ажилд хамруулж болно. УИХ-д ӨБХ байгуулагдах нь шууд ардчилал хэрэгжиж байгаагийн нэг хэлбэр. Парламент бол аливаа асуудлыг олонхиороо, хуралдааны хэлбэрээр шийдвэрлэдэг хууль тогтоох байгууллага атал  иргэд маань УИХ-ын гишүүдийг захиргааны ажилтантай адил ганцаарчилсан шийдвэр гаргадаг мэтээр ойлгож, хувийн чанартай янз бүрийн хүсэлт тавин хүнд байдалд оруулдаг. Үүнээс гарах гарц нь ӨБХ юм. Өргөдлийг хувь хүн, хэсэг бүлэг,  массын өргөдөл гэж ялгаад массын өргөдөлд дүн шинжилгээ хийхийн тулд иргэдийн нээлттэй сонсгол хэлбэрээр хэлэлцүүлэхийн далимд тухайн асуудлаар зохих хэмжээний боловсрол олгож, соён гэгээрүүлэх хэрэгтэй. ӨБХ нь УИХ-ын гишүүдэд нэгдсэн байдлаар дохио өгдөг уураг тархи нь байх ёстой. Одоо цахим засаглал хөгжиж байгаа тул парламентад исэн өргөдлүүд олон нийтэд ил тод нээлттэй, аль шатандаа хариу өгөх нь тодорхой байх хэрэгтэй. Ер нь ӨБХ-ны бусад хорооноос ялгаатай гол шинж нь гэвэл мэргэжлийн бусад хороод тодорхой судалгаанд түшиглэн ямар асуудал манай салбарт илүү хөндөгдөж байна вэ гэдэгт анхаардаг бол ӨБХ ямар асуудалтай өргөдөл түлхүү ирж байгааг шинжилж, өргөдлүүдийн давтамж, ач холбогдлыг нь үндэслэн олон нийтийн нээлттэй сонсголоор уг асуудлыг хэлэлцүүлж эндээс гарсан санал, дүгнэлтийг мэргэжлийн байнгын хороонд нь шилжүүлдэг байх ёстой. Өөрөөр хэлбэл, иргэд-албан тушаалтан-парламент гурвыг уулзуулах гол цэг нь ӨБХ, харин шийдвэр гаргах цэг нь мэргжлийн байнгын хороо...” хэмээн ярьсан юм.

        Мөн Ж.Батзандан гишүүний хувьд “Иргэдээс ирэх өргөдөл, гомдол нь төр, засаг өөрийнхөө үйл ажиллагаанд мониторинг хийх боломж олгож байгаа бөгөөд   УИХ-аас Засгийн газрыг хянахад тус байнгын хороо маш их үүрэгтэй. Сумын засаг дарга, татварын байцаагч, гаалийн ажилтан ажлаа хэрхэн хийж байгааг түүгээр хянаж, тэдгээрт үндэслэн гаргасан шийдвэрээ эргэж хянах, засаж залруулах боломжтой” гээд шинэ байнгын хороо шинэ арга барилаар ажиллах  шаардлагатайг санууллаа.

      Байнгын хорооны анхны хуралдаанаар мөн ӨБХ-ны 11-р сарын 7-ноос ирэх оны 2-р сарын 10 хүртэлх 4 сарын дотор буюу Намрын чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэний дээр ирэх 12, 1 дүгээр сард зохион байгуулах олон нийтийн хэлэлцүүлгийг ямар сэдвээр хийх талаар гишүүдийн саналыг авлаа.

        Байнгын хорооны даргын зүгээс ”УИХ-д иргэдээс ирүүлсэн хувийн хүсэлтийг шийдвэрлэх талаар бодлогын шийдэл гаргах”, УИХ-д иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу “Газрын тухай хуулийн зарим заалтын биелэлтийг хянан шалгах” гэсэн хоёр сэдвээр хэлэлцүүлэг хийх санал дэвшүүлэхэд Х.Тэмүүжин гишүүн “ӨБХ-ны үйл ажиллагааны зарчмын талаар ойлголтуудаа ойртуулахын тулд баынгын хороны гишүүд, ажлын албаныхан, сэтгүүлчдийг оролцуулсан семинар хийх, өргөдөл гомдлыг хэрхэн шийдвэрлэх талаар шинэлэг загвар гаргавал бусад газар ч   асуудлаа шийдэхдээ уг загварыг буулган бас нэг шинэ алхам болно” гэсэн санал хэлэв.   

        Хуралдааны эцэст ӨБХ-ноос байгуулах 2 ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хэлэлцэж баталсныг дурдвал “Газрын тухай хуулийн зарим заалтын биелэлтийг хянан шалгаж, энэ чиглэлээр дүгнэлт гаргах, хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Ж.Батзанданг гишүүнээр ахлуулан байгуулахраа болов. Харин Хонгор сумын иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлах, шийдвэрлэх арга зам хайх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг тус байнгын хороонд орох хүсэлтээ илэрхийлсэн С.Ганбаатар гишүүнээр ахлуулан байгуулах нь зүйтэй гэж үзлээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top