Өчигдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралд БОАЖ-ын сайд Л.Гансүх Туул голын талаар гишүүдэд мэдээлэл хийсэн юм. Сайдын мэдээлэл, гишүүдийн асуулт хариултыг тун нухацтай сонсож суусан Р.Буд гишүүн нэлээн бухимдсанаа “Тоть шиг байхаа боль л доо. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргаач. Энэ ажлыг хийж чадахгүй байж юу хийгээд, юу тайлбарлаад байгаа юм бэ. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргыг захирч чадахгүй Засгийн газар гэж байгаад яах юм бэ. Байгаль орчинд хохиролтой үйл ажиллагаа явуулж байгаа бол шууд зогсоо л доо. Туул голоос гадна Сэлбэ гол дээр толио үүсгээд янзал. Тайлбар бага ярьж, ажлаа хийнэ шүү” гэв. Түүний хэлсэн энэ үгийг дуулгавартай сонсож суусан Л.Гансүх сайд гэнэт “За” хэмээн чанга дуугаар хэлж харагдана билээ. Гишүүн болгоны өөдөөс тайлбар тавьж, гараа өргөн чанга дуугаар хашгичдаг эрхэм сайд Р.Буд гишүүний хатуу бөгөөд сургамжтай үгийн өмнө дуулгавартайхан толгой дохин суухыг ажигласан хүмүүс “Л.Гансүх сайд ганц удаа тайлбар хийсэнгүй, овоо доо” гэцгээж байлаа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )