Модернист фронт, командлагч Баатарын Галсансүх
Сэтгэл гэдэг эрхтэн, Бурханд өгөх зөвлөгөө, Яруу найргийн шинэчлэлийн төлөө зуун жилийн дайн ... ийм нэртэй шүлгийн өвөрмөц түүврийг Галсансүх туурвисан билээ. Танхай зүйрлэлтэй, бас дүрслэлтэй, шүлгийн аялгуу, агаар, эрчим хүч нь Монголын яруу найрагт урьд хожид хэзээ ч байгаагүй модернист энэ “гаж” яруу найрагчийн шүлгүүд хоёр зууны зааг дээр Монголын уран зохиолд “дайн” зарлажээ. Түүний шүлгүүд жил жилээр улам сонирхолтой, шинэ содон болж, олны анхаарал татсаар. Найрагчийн хоёр шүлгийг та болгооно уу?
Томилолтоор яваа гурван мал зочид буудалд
/Тан улсын шүлэгч Дү Фү-гийн эх оронч сэтгэлийг бишрэн хүндэтгэв/
Хананы цаана согтуу малнууд яраглана
Хананы цаана мал гэмээр татварын байцаагч хурхирна
Хананы цаана малнаас дор томилолт эрхэлсэн төрийн түшмэл тийчилнэ
Хананы цаана малнаас ялгаагүй тагнуулчин тагнайгаа ташина
Ардын нуруун дээр сандайлж суусан гурван түшмэл
Архи шөнө дөл болтол зооглоод амраасангүй
Түмэн олны татвараар бүтсэн төрийн гар утсаар
Түрүүлж уралдан эхнэр, хүүхэдтэйгээ чалчсаар унтуулсангүй
Хөлсөө дуслуулж, гараа цэврүүтүүлж, мэдрэлээ муутгаж
Хөх төрдөө тушаасан татварын төгрөг минь, хөөрхий
Хэдэн түшмэдийн амны салиагаар хананы цаана урсав
Томилолт эрхэлсэн түшмэл 300 ногооноор авгайдаа гутал авч гэнэ
Татварын байцаагч том хүүдээ компьютер бас авсан гэнэ
Тагнуулчин хувалз том дэлгэцтэй зурагт гэртээ аваачих юм байх
Авсан, уусан, идсэнээ гайхан гурван биенээ магтсаар
Архины аагинд ард түмний тэнэгийг гайхан хашгирсаар
Ээлж дараагаар хананы цаана түжигнэсээр согтож унав бололтой
Ээ дээ, одоо юу худалдаж авна гэж зүүдэлж байгаа бол
Бялдуучилж, долигонож, завшиж чаддаг ийм малнуудыг
Би алуурчин байсан бол баяртайгаар өрлөж алахсан
Аймаар тэргэл сартай шөнө нойр хүрэхгүй амандаа дуу аялж бичсэн үхлийн тухай хөгжилтэй шүлгүүд
Үхээд дөчин ес хоносныхоо хойно би
Үнэхээр баян айлын танхил охины хэвлийд бүрэлдэнэ
Үрийн зулай үнэрлэхийн мөрөөдөл болсон чинээлэг хосод
Үзэсгэлэн гоо охин нь болоод эргэж ирнэ
Тэр охины ангир цагаан цээжний дээр
Тэмдэг дохио болж нэр минь тодорно
Тэгээд Галсансүх гэх үү, Болормаа гэх үү гэж
Тэмцэж та бүхэн эцэг эхтэй нь мэтгэлцээрэй
Нарлаг нэг өдөр нартыг би орхиод
Наадам болгонд түрүүлэх түрүү магнай түмэн эх
Нээрээ хурдан хүлэг болоод та бүхнээ
Нэлээд хэдэн жил наадуулж баясгана
Эргэж намайг төрсний тэмдэг гэрч болж
Энэ хүлгийн ташаан дээр нэр минь гарна
Энэ нэрийг хараад Галсансүх үү, хүлэг морь уу гэж
Эндээ та бүхэн минь эцэс төгсгөлгүй маргалдаарай
Сэтгэгдэл ( 0 )