Тэрбумтан улс төрчид бэл бэнчингээрээ уралдаж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 22

 Авлигатай тэмцэх газраас гаргасан төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэг хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байна. Улс төрчдийн хөрөнгө мөнгөөрөө олон нийтийн өмнө уралдах аятай боломж ч энэ байж болох. Ямартай ч уншигчидтайгаа хамт тэдний хөрөнгө, мөнгө рүү өнгийж, зарим нэг харьцуулалтыг хийгээд үзье.


 
Тэрбумтан улс төрчид бэл бэнчингээрээ уралдаж байна

Ерөнхий сайд С.Батболд нэг ч малгүй. Харин алтаар боссон 19 тэрбум 342 сая төгрөгийн хөрөнгөтэй. Энэ хөрөнгөөрөө улс төрийн хүрээний тэрбумтнуудыг тэргүүлж байна. Авлигатай тэмцэх газраас жил бүр гаргадаг хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтаа тэр арай ч худал бөглөөгүй биз ээ. Түүний банкин дахь хадгаламжинд 622 сая төгрөг бий гэнэ. Гэхдээ түүн шиг 17 тэрбум төгрөгийн хувьцаа эзэмдэг улс төрч одоогоор тун цөөн байна. Жилийн нийт орлого нь 193 сая төгрөг аж. “Алтай холдинг”-ийнхоо 71,6 хувийг эзэмшдэг бөгөөд энэ компанийх нь 18, 331, 394, 46 ширхэг хувьцаа түүний мэдэлд байна. Мөн “Скайтел” ХХК-ний 9 хувьтай, үүнээс 600 000 ширхэг хувьцаатай. “Алтай трейдинг” ХХК-нийг 100 хувь өөртөө хамааруулж 10 000 ширхэг хувьцааг нь авчээ. Хоёр орон сууцаа 1, 018, 200, 00 төгрөгөөр үнэлсэн нь Сангийн сайд С.Баярцогтын 3 орон сууцны үнэтэй бараг дүйцсэнийг бодоход их л тансаг амьдарч байгаа юм байна. Гэхдээ Бороогийн хөндийг цөлмөсөн, Канадын доншуур наймаачинтай нийлж Гацууртын ордыг хоослох ажлыг эхлүүлсэн луйварчингаараа дуудуулж яваа түүний хувьд эдгээр нь бас ч гэж харьцангуй бага, чамлагдахаар хөрөнгө бололтой.  Түүний гэр бүлийн гишүүд 2010 онд 96 сая төгрөгийн орлоготой байсан нь “Чингис” зочид буудлын нийт орлого, ашгаас бага байгаа тухай зарим эх сурвалжууд мэдээлж байгаа. Эхнэр Х.Отгонтуяа нь “Чингис” зочид буудлаа хариуцдаг юм билээ. Жуулчны улирал эхлэхээр муугүй орлоготой байдаг гэсэн. Хэрвээ энэ нь ялимгүй дарж хэлсэн орлогын мэдүүлэг бол асуудал үүсч, Авлигатай тэмцэх газрынхан шалгаж таарах байх.

Хамгийн их хөрөнгөтэй улс төрчөөр Д.Зоригт тодров 

УИХ-ын гишүүн Д.Зоригт хоёр дахь удаагаа улс төрчдийн дундаас хамгийн баянаар тодорлоо. Түүний нийт хөрөнгө 34 тэрбум 43 сая төгрөг.ө Банканд 1 тэрбум  270 сая төгрөгтэй. Одоогоор банкны дансандаа түүнийг гүйцэх мөнгөтэй хүн улс төрчдийн дотор байхгүй байгаа аж. Өөрийнх нь цэвэр орлого 1 тэрбум 244 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийн орлого нь 110 сая юм байна. Гурван орон сууцаа 1 тэрбум  658 саяар үнэлжээ. Мөн 60 саяын үнэтэй “ВМW-730” маркын нэг машинтай. “Одод”, “АСУ”, “Миг даатгал”, “Гермес”, “Багануур”, Реалтор”, “Эм Си Эс” зэрэг компаниудад 29 тэрбум 679 сая төгрөгийн хувьцаа эзэмшдэгээрээ Ерөнхий сайд С.Батболдын урд гишгэж байна.

Х.Баттулга нэг азарга адуугаа 12 саяар үнэлжээ 

Тэрбумтан гишүүдийн эгнээнд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга зүй ёсоор орж байна. “Женко” нэрээрээ олны танил болсон тэрээр Чингисийн цогцолборыг анх удаа байгуулж, өрлөг жанжинуудынх нь дурсгалыг тэрхүү байгууламж руу замын хажуугаар эгнүүлэн хийх нүсэр ажлыг эхлүүлээд байгаа юм. Үүгээрээ тэр хураасан хөрөнгөө нийтэд ашигтайгаар зарцуулж буй хэдий ч алсдаа олох ашгийг харин тун чамбай тооцоолсон гэдэг. Түүний хөрөнгө оруулж бүтээсэн цогцолбор гадаадын жуулчдын нүдийг хужирлах нь гарцаагүй. Жуулчид энд мөнгөө хайрлахгүй байх. Гэхдээ төсвийн мөнгөөр хуучин онгоц худалдан авах, хотын авто тээврээс бага сага юм тонших гэх мэт хэл аманд тэр өртсөөр явна. Түүний нийт хөрөнгө 12 тэрбум 426 сая төгрөг. Өөрийнх нь жилийн орлого 405 сая төгрөг гэнэ. Харин гэр бүлийнх нь орлого 22 сая юм байна. Энэ гэр бүлийн бусдаас ялгарах бас нэг онцлог гэвэл “BMW”, “Ниссан Инфинитив”, “Тояота 4 райнер”, “Лимузин хаммер” машинуудтай. Эдгээрээ 345 саяар үнэлжээ. Мөнгөө банкинд хадгалдаггүй. Итгэдэггүйдээ юм болов уу. Эсвэл байнгын эргэлтэнд байлгахыг хүсдэг ч байж болох юм. Мөнгийг ер нь хав дарж сууснаас хаа нэгтээ өсгөж үржүүлж байх нь зөв байх л даа. Иймэрхүү нарийн тооцоотой тэрээр “Мах импекс”, “Женко тур бюро”, “Баянгол зочид буудал”, “ХИД”, “Налайх”, “МИК Эмээлт”, “Эмээлт зах”, “Женко холдинг” зэрэг компаниуддаа 11 тэрбум 588 сая төгрөгийн хувьцаатай ажээ.

Тэрбумтан улс төрчид бэл бэнчингээрээ уралдаж байна

Сүүлийн үед их л шударга дүр гарган, “Миний дэргэд авлигачид сууж байна” гэж дуулиан тариад байгаа “Нарантуул”-ын босс Ш.Сайхансамбуу заримдаа юу нь хөдөлдөг юм бүү мэд, “Би Тамирын голын мөсийг долоох шахам явж энэ их хөрөнгө цуглуулсан” хэмээн сайрхдаг болжээ. Учрыг мэдэх хүмүүс түүний энэ болчимгүй үгийн хариуд “Арай ч дээ” гэхээс өөрийг эс хэлнэ. Өөр юу ч гэж тэд олон юм ярих билээ дээ. Цагийн гарз гэж боддог байлгүй. Мань хүн хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ “Нийт хөрөнгө маань 5 тэрбум 414 сая төгрөг” гэсэн байна. Энэ нь түүний эзэмшлийн “Наран туул шилтгээн”, “Нарантуул ойл”, “Нарантуул трейд”, “Амко” зэрэг компаниудынх нь нэгдсэн орлого бололтой. Гэхдээ ялимгүй дарж тооцсон тоон дүн байж болох л юм. Яагаад гэвэл зөвхөн “Нарантуул трейд” худалдааны төв нь жилдээ 20 гаруй тэрбумын орлого өлхөөн хийчихдэг гэж сонсогдсон. Гэр бүлийнх нь орлого ердөө л 61 сая юм байна. “Бенз-350”, “Форд”, “Хаммер Н1” маркын гурван машинтай. Нэг тэрбумаар үнэлэгдсэн нэг орон сууцтай, бог бод нийлсэн 80 толгой малтай гэнэ. 


Тэрбумтан улс төрчид бэл бэнчингээрээ уралдаж байна

2008 оны сонгуулиар хүмүүст мөнгө тарааж байгаад телевизийн камерт өртөж булайгаа дэлгэсэн ч ямар нэг хариуцлага хүлээлгүй УИХ-д сууж чадсан хүн бол Б.Чойжилсүрэн гэдгийг уншигчид андахгүй биз. Зарим нь “Рапид харш” хэмээх компаниар нь илүү сайн мэдэх байх. Түүний нийт хөрөнгө 4 тэрбум 533 сая төгрөг юм байна. Барьсан барилгууд нь чанар үзэмж сайтай тул эрэлт ихтэй байгаа гэсэн. Харин гэр бүлийнх нь гишүүд жилдээ гуравхан сая төгрөгийн орлоготой гэвэл та итгэх үү? Сонин л юм. Гэхдээ хадгаламжинд нь 52 сая төгрөг бий гэнэ. Бас нэг сонирхолтой нь тэрээр дөрөвхөн адуутай. “Хурд хүнс”, “Хурд авто”, “Хурд групп”, “Хаус инвест”, “Апартмент Кей Эйч”, “Сауд гоби коэл транс”, “Сауд гоби блейк гоулд” компаниудын 100 хувийн эрхийг эзэмдэг ажээ. Бэлэг сэлтийн хувьд гэвэл түүнд Увс аймгийн иргэд 3 ширхэг мөнгөн аяга өгсөн гэнэ. Сонгуулиар тараасан мөнгөнийх нь хариу бэлэг ч юм уу, бүү мэд. Лав л Б.Чойжилсүрэнгийн овойж оцойтол хийгээд гийгүүлчихсэн юм Увсад байхгүй юм билээ.


Хурдан морьддоо дуу зохиосон тэрбумтан

Хурдны удамтай адуугаараа Монголдоо нэлээд дээгүүрт бичигддэг УИХ-ын дэд дарга Г.Батхүү тэрбумтан улс төрчдийн тоонд нэлээд эртнээс орох болсон юм. Наадмын түрүү магнай болсон морьдынхоо тухай дуу зохиолгож, түүнийхээ нэрэмжит морин уралдаан зохион байгуулалцсан нь бэл бэнчин сайнтай байгааг нь давхар илтэнэ. Нийт хөрөнгө нь одоо 4 тэрбум 982 саяд хүрээд байгаа аж. Өөрийнх нь цэвэр орлого 360 сая төгрөг. Гэр бүлийнх нь орлого 4 сая төгрөг. Нэг орон сууцтай, үйлдвэрлэл, үйлчилгэний зориулалттай нэг обьекттой. “Мерседес бенз S 350”, “Лексус 470”, “Тояота Ланд Круйзер” маркийн машинуудтай. “Шунхлай групп”-ийнхээ  50 хувийг тэр өөрөө эзэмшдэг юм байна.

Тэрбумтан улс төрчид бэл бэнчингээрээ уралдаж байна

Бөхчүүд сайн дуучин гэдгийг Японы сумогоос зодог тайлж ирснийхээ дараа Монголчууддаа өөрийн биеэр харуулж, дуучин бүсгүйтэй гэрлэсэн кёкүшюзан Д.Батбаярын нийт хөрөнгө 7 тэрбум 819 сая ажээ. Өөрөө жилд 372 сая, гэр бүлийнх нь гишүүд 372 саяыг олдог гэнэ. Эхнэр Баясгалан нь дуугаа дуулахаа түр азнаад байгаа ч ийм хэмжээний мөнгө хурамтуулдаг нь овоо сүүхээтэйг харуулж буй хэрэг биз.  Гэхдээ энэ хоёр дуучин удахгүй хослол дуугаар үзэгчдээ баясгах байх аа. Тэд 20 гаруй компаний хувь эзэмшихээс гадна хэдийнээ мянгат “малчид” болсон байна. Одоо малынх нь тоо толгой 1500 гаруй болоод байгаа ажээ. Мөн Д.Батбаярт бэлэг сэлт бараг тасардаггүй бололтой. Түүний мэдүүлснээр бол 2009 онд Япон найз нар нь суудлын автомашин бэлэглэсэн бол 2010 онд сумогийн залуу Монгол бөхчүүд, найз нараасаа 70 сая төгрөгийн бэлэг авчээ. Мөнгөлсөн гартааман аяга, шүрэн хөөрөг, хаш хөөрөг, хурдан удмын морь бэлэглэсэн Б.Баттүвшин, Б.Билэгдэмбэрэл нартаа тэр их баярлаж явдаг гэнэ лээ.   
 

Мал дагаж амаа тосолж яваа гишүүд 
Д.Батбаяраас гадна нэлээд хэдэн улс төрч малжаад авсан байна. Мал дагавал ам тосдоно гэдэг дээ. Малч удмаа хадгалж үлдэх, малынхаа ашиг шимийг хүртэж суух нь хэн хүний жаргал байлгүй яахав. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ гэхэд л 3000 малтай болсон байна. Хэнтий аймгийн Дэлгэрхаан, хуучин Дархан сумын нутгаар багширсан мал сүргийнх нь дийлэнх хэсэг хонь, үхэр ажээ. Түүний нийт хөрөнгө тэрбум арай хүрэхгүй, 976 саяд эргэлдэж байна. Малын тоо толгойгоор түүний араас Д.Балдан-Очир гишүүн орж байгаа. Тэрээр 2800 толгой мал тоолуулжээ. Хөрөнгө, орлогоороо тэрбумтануудын эгнээнд яваа Д.Ганхуяг гишүүний мал  2300-д хүрсэн гэнэ. “Бриж групп”-ийг нь гэр бүлийнхэн нь удирддагч ажлынхаа зав чөлөөгөөр бизнесийн ажилд хуруу дүрэхгүй ч, ам хуурай өнгөрдөггүй түүний хувьд малынх нь ашиг шим улам өсөх хандлагатай байна. Сүүний чиглэлийн сайн үүлдэрийн үнээгээр үхэр сүргээ сэлбэсэн дуулдана. Харин араб угсааны адуугаар гангардаг Ц.Цэнгэл, Ч.Улаан, М.Энхболд нарын гишүүд монгол малаасаа нэлээд хол хөндий яваа бололтой. Ч.Улаан араб адуугаа цөөрүүлж, хоёрхон адуу тоолуулсан байх юм. 

Ядуу, өртэй байх нь бас нэг шинэ имиж болжээ

Төрөөр угжуулж өссөн олигархи хэмээн ад шоо үзэгдэж явснаас хөрөнгө мөнгөөр ядмагхан эгэл бор амьдралтай байх нь өнөөгийн бохир, хатуу улстөрчилтийн цаг үед санаа амар хэрэг бололтой. Улсын их хурлын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад тэрбумтануудын дэргэд бол ёстой хэн ч биш гэмээр тарчигхан хүмүүс нэлээд хэд байна. Тэдний нэг нь Дорнод аймгаас сонгогдсон П.Алтангэрэл ажээ. Түүний өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого нийлээд дөнгөж 19 сая төгрөг. Энэ нь Эрээн, Улаанбаатар, Эрхүү, Польш мэтээр сэлгүүцдэг ганзгын наймаачдын оролгоос хамаагүй бага юм. Ганц орон сууцаа 18 сая төгрөгөөр үнэлсэн П.Алтангэрэл хөдөө нутагтаа багшийн ажил хийж явахдаа ядаж ганц өнчин ишиг ч тэжээгээгүй нь нэг бодлын бас дэндүү арчаагүй ч юм шиг. Гэхдээ түүний хөрөнгө цуглуулаагүйг буруутгаж боломгүй. Мөнгөтэй тэнэг явснаас мөнгөгүй цэцэн байсан нь хамаагүй дээр хорвоо хойно цаашдаа мань эр болох л байлгүй. Шуналгүй ч сүүхээтэй амьдрах зах зээлийн нийгэм хатуу сорилтын өмнө түүний гэр бүлийг авчирсанд тэр харамсахгүй байгаа бололтой.
   

Өрөнд баригдаж амьдрах бол өөр хэрэг. Ийм хүнийг харин зах зээлийн жамаар хөлөө олох гэж гүрийж яваа хүн гэнэ. УИХ-д ийм өр зээлтэй гишүүн бас нэлээд олон байна. Р.Амаржаргалыг “Мөнхийн зээлтэй хүн” гэж хэлж болох ажээ. 2009 онд 74 сая төгрөг банкнаас зээлдсэн бол 2010 онд мөн л ийм хэмжээний мөнгө зээлдээд тууж явна. Зарим нь түүнийг анх ХХБ-аас зээлдсэн мөнгөө төлөөгүй байгаа гэнэ. Сайн эдийн засагчдын нэг, тэгээд ч УИХ-ын гишүүн болохоор нь ХХБ-ныхан долигоноод зээлийн хугацааг нь сунгаад өгдөг бололтой. Тус банкинд Мэдрээгээс эхлээд намынх нь журмын нөхөд олон байгаа. Р.Амаржаргал аягүй бол тэгж байгаад найдваргүй зээлийн багцад оруулаад банкаар өөрөөр нь төлүүлэхээс буцахгүй байж мэднэ. Ингэж хардах эрх хэнд ч бий шүү дээ. Урьд нь олон банк найдваргүй зээлээс болж дампуурсан. Гэвч ХХБ одоогоор эрсдэлийн сан арвинтай болоод байгаа гэнэ лээ. Р.Амаржаргал шиг урт удаан хугацаанд зээлээ төлөөгүй гишүүд цаана нь бас олон байна аа. Ц.Даваасүрэн хууль хяналтынханд мөрдөгдөж хэл аманд өртсөн “Зоос” банк буюу одоогийн Төрийн банкнаас 147 сая төгрөг зээлдээд хоёр жилийн нүүр үзэж байгаа юм байна. Эдийн засгийн байнгын хорооны дарга байхдаа банкны найдваргүй зээл, мөнгөний бодлогын талаар хамгийн хурцаар шүүмжилдэг байлаа. Харамсалтай нь өөрөө зээлээ төлөөгүй байж өрөөлийн өвөр рүү өнгөлзөөд явдаг байжээ. Түүнээс гадна УИХ-ын гишүүдийн дотор тэрбумтаны эгнээнд бичигдэх ёстой З.Энхболд харин тун өчүүхэн юмнаас болоод нэрээ сэвтүүлэх гэж байх шиг байна. Юув гэвэл төрийн сургалтын сангаас зээлдсэн 44 сая төгрөгөө төлөөгүй байх юм. Мөн ядуу гишүүдийн тоонд багтаад байгаа Батж.Батбаяр “Голомт” банкнаас 300 сая төгрөг зээлдсэн байна. Түүний өөрийнх нь орлого 32 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 12 сая төгрөг. Харин Р.Гончиндорж гишүүний өөрийн орлого 25 сая, гэр бүлийнх нь орлого 8 сая гэнэ. Тэр бас л зээлээр амь зууж байгаа ажээ. Нэгэн найзаасаа 11 сая төгрөг зээлээр аваад байгаа юм байна. “Туул кашмир” компаний 15 хувийг эзэмшдэг түүний хувьд иймхэн мөнгө зээлдэж доошоо орох учиргүй л байсан байх. Түүнчлэн Монголын нэлээд гайгүй баяны тоонд зүй ёсоор ордог, нийт хөрөнгө орлого нь 2 тэрбум 800 саяд хүрсэн Х.Бадамсүрэн гишүүн хүртэл өрөнд хүлэгдээд сууж байна. Тэрээр ХААН банкнаас 200 сая төгрөг зээлджээ. Тэгвэл Х.Тэмүүжин гишүүн жил бүр өртэй гардаг байна. Энэ удаа түүний өмнөх 40 гаруй сая төгрөгийн өр нь 20 сая болж буурчээ. Жилийн орлого 29 сая төгрөг, гэр бүлийнх нь орлого гуравхан сая гэнэ. Хотод хоёр орон сууцтай, “Ниссан мурано” маркын нэг автомашинтай. Мөн Д.Хаянхярваа гишүүн ч түүний адил “Төрийн банк”-ны жил тойрсон 25 сая төгрөгийн зээлээ барагдуулаагүй байна. Эдгээрээс харахад өртэй, ядуу мэт байх нь өнөөгийн улс төрчдийн бас нэг шинэ имиж болоод байгаа ч юм шиг. Уг нь ядаж зээлээ хугацаанд нь төлдөг баймаарсан. Эс тэгвээс банкууд барьцаалсан хөрөнгийг нь хураагаад авчихдаг биз дээ. Жирийн иргэн Дорж хэрвээ эд нар шиг зээлээ төлөөгүй байвал барьцаалсан байр юм уу, хашаа байшингаа алдчихсан сууж байгаа даа. Нөгөөтэйгүүр банкууд ийм их хэмжээний мөнгөө улс төрчдөд зээлээр өгөөд байгаа тул хүүгээ бууруулах аргагүй болж, мөнгөний эргэлт нь сулардаг бололтой.
Б.Отгонбаяр. Zindaa.mn  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top