Монголыг хогийн сав болгож, цөмийн хаягдал булах санаа О.Чулуунбатынх байжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 22

Интернетийн WWW.globalsecrutynewswire.org сайтад Монгол улсыг олон улсын цөмийн хаягдлын цэг болгож болох тухай мэдээлэл гарснаас хойш манай хэвлэлүүд багагүй шуугив. Zindaa.mn сайт энэ асуудлыг онцлон, Монголыг хогийн сав болгох мэргэн санаа гаргасан улс төрчдийн нэрийг зарлахыг шаардсан. Мэргэжлийн хүмүүс ч энэ талаар үгээ хэлцгээлээ. Цөмийн энергийн зарим мэргэжилтнүүд “Цөмийн хаягдал бол 1000 орчим жил газрын хөрсөн доор хортой агууламжаа хэвээр хадгалж байдаг” гэж байна. Гэтэл УИХ-ын гишүүн О.Чулуунбат “Цөмийн хаягдал булсан улс орон маш их ашиг олдог. Үндсэндээ өндөр төлбөртэй бизнес шүү дээ. Аюулын хувьд санаа зовоод байх зүйлгүй. Тэр чинь зүгээр л нэгэн төрлийн хог байхгүй юу” гэж ярилцлага өглөө. Мань хүн эдийн засаг, банк санхүүгийн мэргэжилтэн биш харин цөмийн энергийн судлаач аятай ийнхүү ярьсанд учир мэдэх хүмүүс нэлээд бухимдаж байгаа ажээ. Хамгийн гол нь түүнд эх оронч үзэл гэж алга уу. О.Чулуунбат бизнесийн өнцгөөс нь хараад бөөн мөнгө олно гэж бодож байх шиг байна. Мөнгө яах вэ, олдохоо хүрвэл олддог л юм. Харин цөмийн хаягдлаас үүсэх цацрагийн хор хөнөөлийг яах болж байна вэ? Чернобыльд гарсан аймшигт ослын 25 жилийн ойг өчигдөрхөн тэмдэглэж, цөмийн аюулаас хамгаалах, сэрэмжлэх уриалгыг дэлхий нийтэд гаргаж байна. Гэтэл цөмийн гамшгаас хол Монгол улсдаа цөмийн хог хаягдлыг агуулах санааг гаргасан улс төрч нь банкны О.Чулуунбат байсан нь ийнхүү илэрлээ. Тэр Сэлэнгийн сав газар цөмийн хог хаяж, нүүргүй тугал, хөл гаргүй хүүхэд төрүүлэхийг хүсчээ дээ, янз нь. Эх сайхан Монгол орныг маань, энэ их баялгийг маань голж Монголыг хогийн сав болгохыг хүсч байгаа энэ хүнийг одоо яах ёстой вэ?


Я.Ымербек. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top