Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар мэдээлэл өгөхийг шаарджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 22


УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Ерөнхий сайд С.Батболдод нэгэн шаардлага хүргүүлжээ. 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын 11 дүгээр тогтоолоор Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Уг тогтоолоор нийслэлийн агаарын бохирдлыг энэ онд бууруулах талаар Засгийн газраас авах арга хэмжээ, шаардагдах хөрөнгийн тооцоог гарган Монгол Улсын 2011 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар саналаа боловсруулж, 2011 оны гуравдугаар сарын 15-ны дотор УИХ-д өргөн мэдүүлэх хугацаатай үүргийг Засгийн газарт өгсөн байна. Гэтэл энэ хугацаа хэтрээд сар гаруй өнгөрч байхад Засгийн газар энэ талаарх хариугаа өгөөгүй байгаа аж. Энэ тухайгаа “Таван толгойн хэлэлцээр дуусаагүй байгаа учир уг тогтоолыг хэрэгжүүлж чадахгүй байна” гэх утгатай мэдээллийг УИХ-ын Төсвийн байнгын хороонд ирүүлжээ. Тиймээс гишүүн Л.Гантөмөр Ерөнхий сайдад уг тогтоолыг ямар шалтгааны улмаас хэрэгжүүлээгүй болон тогтоолын хэрэгжилтийг хариуцаж ажилласан албан тушаалтанд ямар хариуцлага тооцож, арга хэмжээ авсан тухайгаа энэ сарын 27-ны дотор УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд дэлгэрэнгүй мэдээлэхийг шаардсан байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top