УИХ-ын пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. Өмнөх парламентын үеэс энэ хуулийн төсөл яригдаж байсан ч Нууцын тухай хуулиудыг эргэж харах шаардлагатай гэсэн шалтгаанаар гацаанд ороод байсан. Харин энэ удаад төсөл санаачлагчдаас эхний ээлжинд Иргэдийн мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулж төрийн албыг нээлттэй ил тод байлгах зарчмыг баримталж байгаа аж. Өөрөөр хэлбэл, эхний ээлжинд Төрийн албыг ил тод нээлттэй байлгахад чиглэж, нууцад хамаарахгүй бүх мэдээллийг Иргэд хуулийн этгээдэд нээлттэй болгох тухай төслийг хэлэлцэж, үүндээ нийцүүлэн Нууцын тухай хуулиудыг эргэж харъя гэсэн шийдлээр төслийг боловсруулжээ. Харин төсөлд төрийн нууцад хамаарахгүй бүх мэдээллийг нээлттэй ил тод иргэд хуулийн этгээдэд гаргаж өгнө. Энд байгууллагын нууцын тухай хууль үйлчлэхгүй гэж заасан ч нэгэнт л байгууллагын нууцын тухай хууль үйлчилж байгаа тохиолдолд хэрэгжүүлэхэд хүндрэл учирна. Ямар агуулгаар ийм заалт оруулсан бэ гэдгийг гишүүд тодруулж байлаа. Түүнчлэн хэн мэдээлэлтэй болон мэдээлэлд илүү ойрхон байгаад нь илүү боломж олддог учраас иргэдэд тэгш боломжоор мэдээлэл олддог байхыг хуульчлах шаардлагатай. Хуралдааны үеэр байгууллагын нууц гэдгээр халхавч хийж мэдээлэл өгөхгүй байх тохиолдоль түгээмэл байгаа учраас Нууцын тухай хуулиудыг цогцоор нь эргэн харж нийцүүлэх шаардлагатай гэсэн санал давамгайлж байлаа. Хуралдааны үеэр хамгийн ихээр хөндөгдөж байгаа сэдвийн нэг нь хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдал, сэтгүүлчийн Ёс зүйн асуудал байлаа. УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Н.Ганбямба нарын гишүүн дээрх асуудлыг хөндсөн юм. Гэхдээ энэ удаад хэлэлцэж байгаа төслийн хувьд төрийн байгууллагын ил тод байлгах, иргэдэд мэдээллийг шуурхай гаргаж өгдөг байх харилцааг зохицуулсан хууль гэдгийг төсөл санаачлагдаас тайлбарлаж байлаа. Сэтгүүлчийн ёс зүйн асуудал, Хэвлэлийн консул байгуулах зэрэг нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай зэрэг бусад хуулийн хүрээнд шийдвэрлэгдэнэ гэсэн тайлбарыг мөн өгч байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ мэдээ
Сэтгэгдэл ( 0 )